УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

Тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Бүлгийн хуралдааны үеэр Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэгийн мэдээллийг сонслоо. Манай улсад биологийн ямар нэгэн лаборатори байхгүй.

Манай улс энэ талаар олон улсад тайлагнахад бэлэн байна гэсэн мэдээлэл өгсөн.

Дараагийн асуудал нь Эрүүгийн болон Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газар бэлтгэж байгаа. Энэ төслийг намын бүлэг хэлэлцсэн. Авлига, албан тушаал, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн хэргийг ялын бодлогоор чангатгах тухай асуудал юм.

Улсын төсвийн тодотголыг хэлэлцлээ. Үнийн хөөрөгдлийг бууруулах, төсвийн бодлогын хувьд хэмнэлтийн горимд шилжих, цэцэрлэг, бага албан тушаалын хүмүүсийн цалинг тодорхой хэмжээнд нэмэх зэрэг олон асуудлыг төсвийн тодотголоор шийдэх гэж буйг бүлэг дэмжиж байна.

Засгийн газар улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 520 орчим тэрбум төгрөгийг хасна гэж тооцсон байна. 2022 оны шинэ хөрөнгө оруулалт нэг их наяд төгрөг. Тэгэхээр хөрөнгө оруулалтаас 50 хувь нь хасагдаж байгаа юм. Орон нутагт хийгдэх олон хөрөнгө оруулалт хасагдаж байгаа. Төсвийн тодотголоор импортыг багасгаж байж ханшаа барьж чадна гэж үзэж байна. 

Яамдын урсгал зардлыг танах тухайд ялгавартай хандах нь зөв гэж үзэж байгаа. Нэг түвшинд хасахаар анхан болон дунд шатны байгууллагууд хүнд байдалд орно. 

Хөрөнгө оруулалтын төслийг тавдугаар сарын 1-нээр таслан зогсоож байгаа" гэв.