Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль ирэх тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Энэ хуульд мэдээлэл хариуцагч мэдээллийг гуравдагч этгээдэд өгсөн, дамжуулсан бол мэдээллийн эзэнд мэдэгдэл хүргүүлнэ гэж заажээ.

Үүний дагуу иргэнд "Мэдэгдэл хүргэх систем"-ийг танилцуулж Боловсрол, шинжлэх ухааны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ.

"Мэдэгдэл хүргэх систем" ашиглалтад орсноор иргэн өөрийн мэдээлэлд ямар байгууллагаас, хэзээ хандсаныг мэдэх, хянах боломж бий болох юм. Өөрөөр хэлбэл, төрд буй таны мэдээллийг ямар байгууллагаас шилжүүлж ашигласан талаар мэдэх боломжтой.

Дээрх мэдэгдэл "E-Mongolia" системийг ашигладаг иргэн бүрд автоматаар очих аж. 2021 онд төрийн байгууллага хооронд нийтдээ 511 сая удаа мэдээлэл солилцжээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд, Цахим хөгжил харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан:

-"Мэдэгдэл хүргэх систем" бол төр иргэний мэдээллийг ашигласан бол тухайн иргэнд мэдэгдэл очдог, иргэнээс зөвшөөрөл авдаг болж байна гэсэн үг. Хувь хүнээс зөвшөөрөл авалгүй мэдээллийг нь ашигладаг үйлдэлд өнөөдөр цэг тавьж байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ:

-Миний ямар мэдээлэл төрд, хувийн хэвшилд байна вэ гэдгийг иргэн мэдэх, өмчлөх бүрэн эрхтэй. Тийм учраас "Мэдэгдэл хүргэх систем"-ийг нэвтрүүлж байна. Мэдэгдлийг "E-Mongolia"-ээр дамжуулан хүргэх юм. Тиймээс иргэд "E-Mongolia" аппликейшнаа шинэчлэн татсанаар энэхүү системийг ашиглах боломжтой.