Авлигатай Тэмцэх Газраас /АТГ/ 2021 онд оффшор бүсээр дамжин үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас учирсан 20 орчим тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.

Гэхдээ дээрх асуудлуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа учраас тухайн үед тодорхой мэдээлэл өгч байгаагүй аж.

Тэгвэл Монгол Улсад анх удаа гадаад улсаас хулгайлагдсан хөрөнгийг буцаан оруулж ирсэн талаар тус газраас мэдээллээ.

Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн хэлэхдээ "2022 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд бусдаас их хэмжээний хахуулийг оффшор бүсээр дамжуулан авч, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын нийслэл Лондон хотын төвд 4 өрөө байр болгон мөнгө угаасан гэмт үйлдлийн гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар хэлэлцэж шүүгдэгчид ял оногдуулсан байна.

Хэргийн холбогдогч нь Төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтан буюу нийтийн албан тушаал хашиж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлж түүнтэй өндөр дүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж 1,175,372 фунт стерлинг буюу 4,347,312,050 төгрөгийн хахуулийг өөрийн нэгдмэл сонирхолтой этгээдийн Британийн Виржиний аралд үүсгэн байгуулсан буюу оффшор компанийн Бүгд Найрамдах Латви улс дахь банкны данснуудаар авсан.

Энэ гэмт хэргийг үйлдэж олсон мөнгө, орлого буюу 4,347,312,050 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор мөн өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотын төвд байрлах 110 м.кв талбай бүхий 4 өрөө байр худалдан авч, мөнгө угаасан байсныг Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж ”Asset recovery” буюу хулгайлагдсан хөрөнгийг улсад эргүүлэн авчирсан.

Энэ гэмт хэргийг илрүүлэхэд мөрдөх байгууллагын мөрдөгчид Бүгд Найрамдах Латви Улc, Британийн Виржиний Арлууд улс руу “Mutual legal assistance” буюу эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх хүсэлт илгээн хэрэгт ач холбогдолтой мэдээлэл гаргуулан авах, санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах, нэгжлэг хийх, бодит хохирлыг тогтоохоор үнэлгээ хийлгэх зэрэг мэргэжлийн ур чадвар, цаг хугацаа шаардсан ажиллагаануудыг явуулж, хэргийн холбогдогчийн гэмт үйлдлийг хөдөлшгүй нотлох баримтуудаар нотолсон аж.

Хэргийн холбогдогчоос мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа эхэлмэгц шууд мэдүүлэг аваагүй харин холбогдох мөрдөн шалгах ажиллагаанууд явуулсны дараагаар түүнээс нотлох баримтад тулгуурлан мэдүүлэг авахад тэрээр үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын явцад улсад учруулсан хохирол болох 1,175,372 фунт стерлинг буюу 4,347,312,050 төгрөгийн үнэ бүхий Лондон дахь үл хөдлөх хөрөнгө эргүүлэн өгсөн байна.

Өмнө нь хэлж байсанчлан мэдүүлэг нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгддэг бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа эхэлмэгц нотлох баримт цуглуулах ажиллагаа хийлгүй хэргийн оролцогч нараас шууд мэдүүлэг авах нь тэр бүр ач холбогдолтой байдаггүй.  

Шүүхээс хэргийн холбогдогчийг гэмт буруутай гэж үзэн ял оноож шийдвэрлэсэн болно" гэв.