Хэнтий аймгийн Галшар сумын 90 жилийн ойн баяр наадам ирэх долоодугаар сарын 18, 19, 20-нд тохионо. Үүнтэй холбогдуулан Галшар сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, уугуул иргэдийн санаачилгаар түүхт 90 жилийнхээ ойд зориулсан хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулах гэж байна. Уг тоглолтонд МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ  Ц.Түвшинтөгс, МУГЖ Д.Энхзул, МУГЖ Г.Батбаяр, МУГЖ Ө.Уянга, МУГЖ Х.Лхагвасүрэн, МУСТА Д.Ариунбаатар, МУСТА Д.Намсрайноров, МУСТА Л.Чулуунбаатар, МУСТА Э.Төрмандах, МУСТА Г.Чинболор, МУСТА Б.Болд, МУСТА Э.Чулуунчимэг, МУСТА А.Хосбаяр, МУСТА П.Жимсээ, МУСТА А.Түмэн-Өлзий, МУСТА Д.Балдан, МУСТА Л.Нарантуяа, дуучин Бичүү, Шанз-3 хамтлаг, Канзананс хамтлаг зэрэг урлаг соёлын бүхий л одод оролцож уран бүтээлээ толилуулах юм.

Хэнтий аймгийн Галшар сум нь Улс даяар шандаст хурдан хүлгүүдээрээ алдартай бөгөөд Галшар хурдны удмын адууг өөрийн олон жилийн нөр их хөдөлмөр оюун ухаанаар үндэслэн бий болгогч, билэг авьяаст их шинжээч, уяач, зураач, номч эрдэмтэн Хардэл жанжин бэйс “Өвгөн ноён” Мижүрдоржийн Пүрэвжав агсаны мэндэлсэний 170 жилийн ой тохиож байна.

Түүхт 90 жилийнхээ ойд хувь нэмрээ оруулахаар таны авсан тасалбар бүхэн нутаг орноо гэсэн чин сэтгэлийн илрэл болох юм. Тоглолт тавдугаар сарын 29-ний 19.00 цагаас Монгол Бөхийн өргөөнд болно. Тоглолтын тасалбарыг Хэнтий аймгийн Галшар сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл болон Монгол Бөхийн өргөөний кассаар борлуулж байна.

Азтай 9 үзэгч Галшар угшлын хурдан удмын 9 дааганы эзэн болно.

Моринд хайртай Монгол хүн бүхнийг морилон ирэхийг урьж байна.

Галшарын хурдан хүлэг нь

Гал бутаргах туурайтай нь үнэн

Газар цавчлах шандастай нь үнэн

Тураг сайхан биетэй нь үнэн

Төрийн наадамд түрүүлдэг нь үнэн билээ.