ОХУ-аас Монгол Улсад суух Элчин Сайдын Яамны холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийлээ. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Хоёр талт харилцааны тухай

 

Юуны өмнө Аугаа их Эх орны дайнд ялалт байгуулсны 77 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэсэн Монголын нийт анд нөхөд, хувь хүмүүс, хуулийн этгээд, байгууллагуудад баярласан талархсанаа илэрхийлмээр байна. Мөн «Мөхөшгүй хороо» жагсаалд, Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөө болон ЗХУ-ын гарамгай жанжин Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэлийн ёслолд оролцсон хүн бүхэнд талархаж байна. Дэлхий ертөнцөд энх тайвныг тогтоох, фашизм, нацизм, аливаа үндэстэн ястныг үзэн ядах үзлийг устгахад өвөг дээдсийнхээ байгуулсан зоригтой, үнэлж баршгүй гавьяаг бид мартах ёсгүй.

 

Улаан-Үүд хотод болсон ялалтын баярын парадад оролцсон Монголын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд ч талархал илэрхийлье. Энэхүү алхмыг бид Аугаа их Эх орны дайны баатруудын дурсгалд хүндэтгэл илэрхийлсэн гэж харж байна.

 

Хоёр талын харилцааны хувьд чухал ач холбогдолтой бүс нутгийн асуудлаар мэдээлэл өгье. 5 сарын 9-нд Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн А.С.Цыденов Монгол Улсын Сэлэнгэ аймгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны нэн тэргүүний чиглэлүүдийг авч хэлэлцлээ. Айлчлалын хүрээнд Сэлэнгэ аймгийн төлөөлөгчид Улаан-Үүд хотын Цөмийн анагаах ухааны шинэ төвийг үзэж сонирхсон. Тус төвийн хүчин чадлын хувьд жилд 10 мянган судалгаа хийх боломжтой. Уг анагаах ухааны төвөөс Буриад, Эрхүү муж, Өвөрбайгалийн хязгаарын нийт иргэдийг оношилгоогоор хангах боломж бүрдэнэ. Энэхүү төв хорт хавдартай эмчлүүлэгчдэд эмчилгээ-оношилгооны тусламж үзүүлэх ажлыг чанарын шинэ түвшинд гаргах юм.

 

Энэ сарын 27-28-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Буриад Улсад «Орос ба Монгол Улс: шинэ нөхцөл байдал дахь түншлэл» нэртэй Орос-Монголын форум зохион байгуулагдана. Форумын хүрээнд үзэсгэлэнг дэлгэх бөгөөд үүний үеэр бизнес эрхлэгчид болон төр засгийн төлөөлөл Орос, Монголын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулахдаа ямар давуу байдалтай байдаг, мөн хөгжлийн хэтийн төлөвийн тухай ярьж өгнө. Тус Форумд мянга гаруй хүн оролцохоор хүлээгдэж байна. Тээвэр логистик, татвараас чөлөөлөгдсөн бүсийн үйл ажиллагаа, Орос, Монгол Улсын хооронд аялал жуулчлал хөгжүүлэх зэрэг асуудлыг авч хэлэлцэх болно.

 

 

Олон улсын харилцааны тухай

 

 

Киевын эрх баригчид өөрсдийнхөө энгийн номхон иргэдэд зэрлэгээр хандаж, ард түмнийхээ эсрэг зэвүү хүргэмээр харгис өдөөн хатгалга хийсээр байгаад анхаарал хандуулж байна. Тухайлбал Харьковын мужид Киевын эрх баригчид Буча хотод хийсэн маягаар ээлжит цуст үйлдлийг хийсэн. Старый болон Новый Салтов гэсэн хоёр суурин газар хоорондын замд Украины Зэвсэгт хүчний цэргүүд цагаан далбаа тавьж явсан энгийн иргэдийн 6 машин руу гал нээсэн. Энэ үйлдэл нь Украины Зэвсэгт хүчний Мэдээлэл, сэтгэл зүйн ажиллагааны төвийн зурагнууд, дүрс бичлэгт байгаа.

 

Түүнээс гадна, Херсоны мужийн хувийн орон сууцны хорооллоос Украины Зэвсэгт хүчний их буугаас Оросын Зэвсэгт хүчний байр суурь луу хэд хэдэн цохилт өгсөн. Тус цохилтын зорилго нь энгийн иргэд амьдардаг байшин руу хариу гал нээлгэх юм. Украины цэргүүд тус суурин газрыг хааж, хүмүүсийг тэндээс явуулалгүй амьд бамбай болгон ашиглаж байгаа. Ойрын хугацаанд энэ болон Киевын дэглэмийн оросуудын түйвээн мэт харагдуулахаар бэлтгэсэн бусад худал ташаа материалыг Барууны болон Украины хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон интернэтэд өргөнөөр түгээхээр төлөвлөж байгаа тухай урьдчилан сануулъя.

 

Иймэрхүү харгис хэрцгий үйлдлийн бусад жишээнүүд ч бий. Бүгд Найрамдах Донецк Ард Улсын нутаг дэвсгэрт байдаг Украины Зэвсэгт хүчний эзэлсэн Красный Лиман гэдэг хотод Украины үндсэрхэг үзэлтнүүд ахмадын газрыг түшиц газар болгон байгуулж, дотор нь байсан ажилтнууд, үйлчлүүлэгчдийг амьд бамбай болгон ажиглаж байсан. Киевын хяналтад байгаа Константиновка хотын эмнэлгээс Украины цэргүүд тус эмнэлгийн байрыг өөрсдийн хэрэгцээнд ашиглах зорилгоор бүх эмчлүүлэгчдийг хөөж гаргасан. Запорожье дахь түргэн тусламжийн эмнэлэгт Украины Зэвсэгт хүчний салбар анги байрлаж, ойролцоох газарт хуягт техник, их буугаа байршуулсан байгаа. Энэ бүхэн бол гэм буруугүй иргэдийг хохироож байгаа цэргийн гэмт хэрэг мөн.

Харьков болон Киевын хяналтад байгаа бусад хотуудад орон нутгийн батлан хамгаалахын бүлэглэлүүдийн цэргүүд Украины Зэвсэгт хүчний албан хаагчидтай хамт Оросыг дэмжиж байгаа, Украины эрх баригчдыг буруушааж байгаа оршин суугчдыг илрүүлэх ажлыг хийж байгаа тухай мэдээлэл улам ихээр ирж байна. Эдгээр хүмүүсийг баривчлаад үл мэдэгдэх газарт аваачаад хүргэж байгаа.

 

Киевын эрх баригчид Украины энгийн номхон иргэдийг Орос руу нүүлгэн шилжүүлэх ажилд саад болсоор байна. Хэдийн тийм боловч манай улсад 1 сая 100 мянга орчим хүн, тэр дотроо 201 мянган хүүхэд орж ирчихээд байна. Дахиад 2,7 сая хүн тэгэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Үндсэрхэг үзэлтнүүдээс чөлөөлөгдсөн газар нутагт тайван амьдрал эргээд төвхнөж байна. Оросын цэргүүд хотууд, тариалангийн талбайг Украины Зэвсэгт хүчний байршуулсан мин, дэлбэрэх зүйлээс арилгаж байгаа. Аугаа их Эх орны дайнд оролцсон баатруудын дурсгалын хөшөөнүүдийг ч сэргээн босгож байна. Бүгд Найрамдах Донец, Луганск Ард Улс болон Украины бусад мужуудын иргэдэд 17 мянган тонн хүмүүнлэгийн тусламжийг хүргүүлээд байна.

Аюултай бүсээс гарах хүмүүнлэгийн коридорууд өдөр болгон нээгдэж байгаа. Энэ сарын 5-наас 7-ны хооронд ийм коридор «Азовсталь» үйлдвэрийн газар доогуурх байгууламжид байгаа энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх зорилготойгоор ажиллаж байсан.

 

Украин Улс руу зэр зэвсгийн нийлүүлэлт нэмэгдэж байгааг бид харамсалтайгаар тэмдэглэж байна. Вашингтон л гэхэд тийшээ 3,8 тэрбум доллартай тэнцэх хэмжээний цэргийн бүтээгдэхүүнийг нийлүүлээд байгаа.

 

Одоо АНУ-ын Конгресс Украинд 39,8 тэрбүм долларын тусламж, түүний дотор 23,4 тэрбум долларын цэргийн бүтээгдэхүүн нийлүүлэх саналыг дэмжсэн. Украинд зэвсэглэл нийлүүлэх ажилд Их Британи, Франци, Канад, Польш, Балтийн орнууд ч идэвхтэй оролцож байгаа. Энэ нь байлдааны ажиллагааг сунжруулах, нийтийн дэд бүтцийг улам ихээр сүйтгэх, энгийн иргэдийг хохирооход хүргэж байна.

 

Киевын эрх баригчид болон эдгээрийн Барууны сургагч нар мөргөлдөөнийг тайван замаар зохицуулах аргыг эрэлхийлэх сонирхолгүй байгааг бид тэмдэглэж байна. Орос-Украины яриа хэлэлцээ зогсонги байдалд ороод байгаа. Украины улстөрчдийн мэдэгдлүүд энэхүү яриа хэлэлцээний үйл явцыг үргэлжлүүлэх хүсэлгүй байгааг хамгийн илтээр илэрхийлж байна.

5 дугаар сарын 4-нд Украин Улсын Ерөнхийлөгч В.А.Зеленский тус яриа хэлэлцээнд хэтийн төлөв байхгүй гэж мэдэгдсэн. Украины үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.М.Данилов Оростой энхийн гэрээ байгуулах ямар ч боломжийг үгүйсгэв.