Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг "Бэлтэс Мөрөн" компанитай холбоотой асуудлууд шил даран хөврөх боллоо. Тус компани нь иргэдийг залилан 300 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр хууль хяналтын байгууллагынхан шалгаж эхлээд буй.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж “Бэлтэс мөрөн ХХК-ийг шалгаж байна.

Өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан тус компанийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс орон нутаг дахь төлөөлөгчтэй хамтран ажиллаж уг хэргийг мөнгө угаалтын хэлбэр байж магадгүй гэж үзсэн. Ингээд зөвлөмж өгөөд ажиллаж байна. Бусад аймагт ч гэсэн энэ төрлийн үйл ажиллагаа давтагдаж магадгүй учраас урьдчилан сэргийлэх үүднээс тухайн аймгууд болон аймгуудын Цагдаагийн газрууд руу мэдэгдэл хүргүүлсэн" гэлээ.