Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан ажлын хэсэг Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгийг Дорноговь аймгийн төв Сайншанд суманд зохион байгууллаа.

Өдөрлөгт УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Монгол Улсын Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба болон БХЯ, ЗХЖШ-ын удирдах албан тушаалтнууд, Дорноговь аймгийн иргэд оролцлоо.

Үйл ажиллагааны хүрээнд БХЯ, ЗХЖШ-ын харьяа 10 гаруй анги, байгууллагын 200 гаруй алба хаагчид аймгийн иргэдэд Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлан ажиллалаа.

Үйл ажиллагаа аймгийн төрийн алба хаагчидтай хийсэн уулзалтаар эхлэхийн зэрэгцээ Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагчид аймгийн нэгдсэн эмнэлэгт олон төрлийн үйл ажиллагааг явууллаа. Тухайлбал, Цэргийн төв эмнэлэг явуулын амбулаториор “Эрт илрүүлэг” урьдчилан сэргийлэх үзлэгийг аймгийн 200 гаруй иргэдэд үзүүллээ. Гурван лабораторийг Камаз маркийн автомашинд суурилуулж, клиник, эмэгтэйчүүд, ходоодны дуран, хэвлий, эхо, рентген зэрэг 6 чиглэлээр эрүүл мэндийн үйлчилгээг нэг дор 15 хүнд үзүүлэх чадвартай юм. Цэргийн төв эмнэлгийн дарга хурандаа Б.Энх-Од хэлэхдээ “Монгол Улсын хэмжээнд одоогоор манайх болон Төмөр замын эмнэлэг л явуулын лабораторитой. Тиймдээ ч бид Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах ажлын хүрээнд нарийн мэргэжлийн 20 эмчийн бүрэлдэхүүнтэй иргэдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлснээс гадна Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нартай харилцан туршлага солилцож ажиллалаа. Цаашдаа “Эрт илрүүлэг” урьдчилан сэргийлэх үзлэгтэй холбоотойгоор 5 дугаар сарын 20-ноос 9 дүгээр сарын 20 хүртэл 4 баг, нийт Зэвсэгт хүчний ангиудын цэргийн алба хаагч болон тэдгээрийн ар гэрт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна” гэсэн юм.

Түүнчлэн Дорноговь аймагт амьдардаг цэргийн насны залуусын 108 залууд эрүүл мэндийн үзлэг явуулж, 70 гаруй залууг эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанд тэнцэхгүй болохыг нь илрүүлсэн байна. Мөн хүнд хэлбэрийн цөс, шамбармын дурангийн хагалгааг амжилттай хийж, 200 гаруй иргэдэд урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үйлчилгээ үзүүллээ.

Батлан хамгаалахын төв архив 60 гаруй иргэдэд хугацаат цэргийн алба хаасан лавлагаа гаргалаа. Мөн иргэдэд 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон Монгол Улсын баатрууд, ахмад дайчдын талаар мэдээлэл хүргэж ажиллалаа.

Харин Монгол цэргийн музейн хамт олон Дорноговь аймгийн иргэдэд зориулан “Монгол цэргийн дайчин уламжлал” сэдэвт үзэсгэлэнг дэлгэлээ. Үзэсгэлэнд Зэвсэгт хүчний 100 жилийн ойн гэрэл зургийн үзэсгэлэн, Дорноговь аймгаас төрсөн Улсын баатар Данзанваанчигийн дайны үед хэрэглэж байсан 50 мм-ийн миномёт, бичиг баримт болон тус аймгийн орон нутаг судлах музейгээс түүний хэрэглэж байсан эдлэл, хөрөг зураг зэргийг дэглэсэн юм. Түүнчлэн хурандаа генерал Жамьянгийн Лхагвасүрэнгийн ёслолын дүрэмт хувцас, буу, сэлэм, энхийг сахиулагчдын дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэж байсан үе, үеийн сонирхолтой баримтууд зэрэг онцлох эд өлгийн зүйлсийг дэглэн үзүүллээ.

Түүнээс гадна Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдын жагсаалын үзүүлэх тоглолт болон Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн офицер, ахлагчдын гардан тулааны үзүүлэх тоглолтууд талбайд цугларсан олныг эрхгүй гайхшируулж чадсан юм.

Үргэлжлүүлээд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга болон ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтоор нутгийн иргэдийн сонорыг мялааж, сэтгэлийг баясгалаа.

Ийнхүү Дорноговь аймгийн иргэд, хүүхэд залуус тус өдөрлөгт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний үйл ажиллагааны тухай олон талын дэлгэрэнгүй мэдээлэлтэй боллоо гэдгийг онцолж байсан юм.

Мөн энэ өдөрлөгийн үеэр нэгэн баярт үйл явдал тохиосон нь УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Зэвсэгт хүчний 336 дугаар ангид Ланд Круйзер 77 маркийн авто машин бэлэглэсэн бөгөөд түлхүүрийг ангийн захирагч хурандаа А.Болдбаатарт гардуулан өгсөн юм.