АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 2 хэрэгт нийт 11 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан. Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн 7 хэргийг дурдвал:

 

- Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч А нь зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэх;

 

- Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн нэгдсэн төвийн систем төлөвлөлтийн мэргэжилтнээр ажиллаж байсан Т нь хахууль өгөгч Х, Л нарын ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл буюу НӨАТ-ын "И-баримт" систем дээр алдаа болон харагдаж байсан мэдээллийг өмнө нь татварын улсын байцаагчаар ажиллаж байсан Ж-ийн гуйлтаар устгаж, 60 сая төгрөг авсан гэх;

 

- Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байсан Э нь удаа дараа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй зөрчилд Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч А нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон гэх;

 

- Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Б, нягтлан бодогч Т нар нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж тус цэцэрлэгт зах зээлийн үнээс өндөр үнээр бараа материал нийлүүлж 28,659,550 төгрөгийн хохирол учруулсан гэх;

 

- Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн Цэргийн хөгжмийн сургуулийн захирал О нь 2018 оны 06 дугаар сард тус сургуульд элсэн орох зарим хүүхдүүдийн эцэг эхээс хахууль авсан, тухайн эцэг эхчүүд нь хахууль өгсөн гэх;

 

- Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт худалдан авах ажиллагааны хэлтсийн Зам, замын байгууламж хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан А нь бусдаас хахууль авсан гэх;

 

- Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн тасгийн хавдар хөнгөвчлөх эмчилгээний их эмч Б нь иргэн К-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг сунгуулан өгсний хариуд хахууль авсан гэх.