Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар нар Зорчигч тээврийн нэгтгэл компанид ажиллалаа.

Шинэ сэргэлтийн бодлогын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд нийслэл хотын тулгамдсан асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэх зорилгоор жил бүр 420 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотод төсөвлөсөн.

Энэ хөрөнгө оруулалтын эхлэл болгож, нийслэлийн түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд өнөөдөр 60 автобус, цахилгаан хөдөлгүүр бүхий хоёр давхар 10, сургуулийн 20 автобусыг үйлчилгээнд нэвтрүүлж байна.

Энэ нь нийтийн тээврийн парк шинэчлэлийн эхний хэсэг юм.

Хүүхдийн автобусны хувьд БНХАУ-д үйлдвэрлэсэн, 53 хүний суудалтай, цонхнууд цантахгүй давхар шилтэй. Халаалтын систем, агааржуулагчтай, чанга яригч системээр тоноглогджээ. Харин их багтаамжийн автобусны хувьд 87 хүний багтаамжтай, цонхнууд мөн үл цантах давхар шилтэй. Нийт есөн халаах төхөөрөмжтэй, агааржуулагчтай, камерын системээр тоноглогдсон. Зорчигчдыг галын аюулаас урьдчилан сэргийлэх автомат гал унтраагчаар тоноглогдсон бөгөөд тусгай хэрэгцээт иргэдийг тээвэрлэхэд зориулсан шат, тэргэнцрийн бэхэлгээтэй. Зогсож үйлчлүүлэх зорчигчдод зориулан халтирдаггүй кварцан шалыг хийжээ.