Хамба лам З.Санждорж бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. Тэрбээр хэвлэлийн хурал хийн, тайлбар өглөө.

З.Санждорж “Хүний нэр төрийг гутаахдаа хэр хэмжээнээс  хэтэрсэн учраас өнөөдөр мэдээлэл өгч байна. Ямар ч ор үндэслэлгүй, хуурамч материал бүрдүүлээд хэрэг тохож болох уу. “Сургуулиас хөөгдсөн, боловсролгүй, хүчин үйлдсэн” гээд л баахан худал мэдээлэл цацагдаж байна.

Анх удаа ийм юм болоогүй. Хэзээ эхэлсэн бэ. Би дандаа баримт ярина. Намайг хүчирхийлэл үйлдсэн гэх зэрэг олон худал мэдээллийн ард Д.Чойжамц бий.   

Ийм ялзарсан төр байх уу. Энэ талаар мэдээлсэн сэтгүүлч над руу ярьсан, “Тантай уулзъя” гэсэн. Ингээд нэг муу сэтгүүлчээр дандаа туг тахьдаг. Энэ бүх луйвар, газрын наймааны ард Д.Чойжамц л бий. Газрын наймаа, олон булхайгаа Д.Чойжамц халхлахын тулд ингэж байна.

Хамба ламын үйлдсэн хэргүүд, газрын наймааны хажууд “Сахал” Эрдэнэбилэгийн хэрэг юу ч биш. Хэд дахин илүү шашны мафи, бүлэглэл үүсчихээд байна.

-Танаас цагдаагийн байгууллага шалгасан уу, мэдүүлэг авсан уу?

-Намайг цагдаагийн байгууллагаас огт шалгаагүй. Би нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй.

-Сая Чойжамц хамба гэмт хэрэг, газрын наймаа хийсэн гэлээ. Баримт бий юү?

-Бүх баримт нь надад байгаа. 2008 онд Төв аймгийн нутагт 20,8 сая ам.долларын өртөгтэй 90 га газрыг Д.Чойжамц авсан. Би өөрөө мэднэ. Үүрээр 04,00 цагт Н.Энхбаяр ерөнхийлөгч байхдаа Д.Чойжамцтай уулзан, “Налиндарын хийд” байгуулахаар болсон. Үүнийг би шууд эсэргүүцсэн.

Тухайн үед Н.Энхбаяр ерөнхийлөгч больсон. Гэтэл тэр газрыг Д.Чойжамц хувьдаа завшсан, зарчихсан. Одоо тэнд Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Их майдар” төсөл хэрэгжүүлж байгаа. Ийм газрын наймааг Д.Чойжамц, туслах Б.Бүрнээтэйгээ хамт хийсэн. Энэ мэт Д.Чойжамц хийсэн хууль бус хэрэг, газрын наймаа олон бий. Эдгээр асуудлаа халхлах, нуухын тулд намайг гүтгэж байна.