Төрийн албан хаагч нарт нөөцийн махыг борлуулах тухай мэдээлэл олны анхаарлыг татаад байна.

Тодруулбал, нөөцийн мах авах төрийн албан хаагчдын захиалгыг авч, хамтран ажиллах тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежер Д.Ганболд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд руу албан тоот илгээжээ.

Уг албан тоот ямар учиртай болохыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тодруулахад "Өмнөх жилүүдэд ч төрийн өмчит газрууд нийгмийн хариуцлагын хүрээнд нөөцийн махыг ажилчдадаа хямд үнэтэйгээр нь авч өгдөг байсан. Энэ бол тэр зарчмынх дагуу л хийгдсэн ажил. Түүнээс биш энэ жил шинээр бий гэнэт бий болж байгаа юм биш.

Түүнээс гадна энэ бол төрийн аль нэг албан хаагчид нөөцийн мах шахах гээд хүчлээд байгаа асуудал биш гэдгийг хэлье. Ер нь хэзээ ч өмнө нь төрийн албан хаагчдад нөөцийн мах хүчээр шахаад, дараа нь цалингаас нь тооцоо хийж байсан асуудал байхгүй.

Харин байгууллагуудын ажилчид нь өөрсдөө саналаа тавьсны дагуу уламжлалт зохион байгуулалтаар нөөцийн махыг борлуулдаг юм.

Жишээ нь, одоо үхрийн нойтон мах килограмм нь 17,000 төгрөгийн үнэтэй байна. Тэгвэл нөөцийн үхрийн мах 8,000 буюу бараг тал үнээр нь зарагдаж байна. Тэгэхээр ийм үнэтэй нөөцийн махыг албан хаагчид өөрсдөө худалдаж авъя гэх саналаа тавьсны хүрээнд бид үлдэгдлээсээ хамаарч, хуваарилалт хийдэг.

Түүнээс гадна, сүүлийн өдрүүдэд цахим орчинд нэр нь дурдагдаад байгаа  махны үйлдвэрүүд нэг ч удаа нөөцийн махны бэлтгэлд оролцож байсан түүх байхгүй. Нөөцийн махны бэлтгэл ажлыг дандаа туршлагатай Монгол компаниуд хийдэг бөгөөд нийслэл энэ махыг зөвхөн худалдан борлуулах, нийлүүлэлтийн явцыг нь л хянадаг.

Иргэдээс нөөцийн махыг өөхтэй байна гэдэг л гомдол хэд ирсэн" гэв.