Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал шүүх бүрэлдэхүүн татгалзсаны улмаас өнгөрсөн сард тодорхойгүй хугацаанд хойшилсон. 

Сануулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Түвшинбаярт холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан  өнгөрсөн тавдугаар сарын 12-ны өдрийн 09.30 минутад эхэлсэн.

Харин шүүх хуралдааныг даргалагч шүүгч Д.Доржсүрэнгээс татгалзан гарах хүсэлт гаргасан юм. Учир нь хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад шүүгчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа нөлөөлөхөөр  завдсан үйлдэл гарсан тул шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтөлж хүргүүлсэн. Тус нөлөөллийн мэдүүлгийг  Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаанаараа хэлэлцээд, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн, гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн тул цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

Дээрх шалтгаанаар  даргалагч шүүгч Д.Доржсүрэн шүүх бүрэлдхүүнд татгалзан гарах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд татгалзлыг хүлээн авч, Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс хэргийг дахин хуваарилалтад оруулж, шүүх хуралдааныг жич товлохоор шийдвэрлэлээд байсан юм.

Тэгвэл тус хуралдааныг зургаадугаар сарын 8-нд буюу ирэх лхагва гарагт товложээ.