Өнөөдөр өглөө Хөвсгөл аймгийн хөгжимт драмын театрын 32 хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлчид Европ тивийг зорилоо. Европ явах болсон шалтгаан нь эдгээр уран бүтээлчид олон улсын үндэсний бүжгийн фестивалуудад оролцох болсон юм. Уг аялан тоглолтыг Франц улсад оршин суудаг Баярсайханы Эрдэнэхуягийн үүсгэн байгуулсан “Үүрдийн Монгол” ТББ-аас зохион байгуулж байгаа бөгөөд Соёл, Спорт, Аялал Жуулчлалын яамны сайд Ц.Оюунгэрэлийн тушаал, Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарын дарга З.Баянзулын нартай хийсэн гэрээний дагуу МУСТА Н.Сэржмятав даргаар удирдуулсан аймгийн хөгжимт драмын театрын 32 хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлчид 90 хоногийн хугацаатайгаар Европын бусад улс орнуудад Монголын үндэсний бүжиг болон язгуур урлагийг таниулах зорилгоор олон улсын үндэсний бүжгийн фестивалд анх удаа оролцохоор явлаа. Энэхүү ажлын зохион байгуулалт нь 2012 онд эхэлсэн бөгөөд эдгээр уран бүтээлчдийг 90 хоногийн хугацаатай авч явна гэдэг амаргүй ажил байсныг Үүрдийн Монгол ТББ-ийнхан хэлж байлаа. Мэдээж Европ гэдэг эдийн засгийн хувьд өртөг өндөртэйг бид мэдэж байгаа. Уг ажлыг зохион байгуулж байгаа Үүрдийн Монгол ТББ байгууллага нь Франц улсын Montigny-les-Metz хотод байдаг бөгөөд Франц улсад 2004 оноос эхлэн Монгол улсын соёл, аж ахуй, Монгол дуу хөгжим, фото зураг, олон улсын үзэсгэлэн худалдаа, Монгол гэр гэх мэт Монгол улсаа сурталчилсан олон арга хэмжээнд орж байсан арвин туршлагатай. Эх орноосоо хол амьдардаг Б.Эрдэнэхуяг нь нутгаа санасан сэтгэлээ ТББ-раа дамжуулан Монголын төлөө олон ажлуудыг хийж явна. Энэ аялан тоглолтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Улсын их хурлын гишүүн Л. Энх-Амгалан болон МИАТ компанийн захирал Д. Жаргалсайхан, ИНЕГ-ын дэд дарга Б.Алтанцом нарт Хөвсгөлчүүдийн нэрийн өмнөөс талархал иэлрхийлж байна. Франц улс дахь Монгол Улсын элчин сайдын яам, Францын соёлын төвийн хамт олонд Үүрдийн Монгол ТББ-ийн Тэргүүн Б.Эрдэнэхуяг манай сониноор дамжуулан талархсан сэтгэлээ илэрхийлж байна. Мөн Үүрдийн Монгол ТББ-ийн Монгол улс дахь төлөөлөгч Д. Магнайбаяр, Б.Эрдэнэмөнх, Т.Баттогтох, Б. Бат-Эрдэнэ нарын олон хүний хичээл зүтгэлээр энэ ажлыг зохион байгуулж байна. Монгол эх орноо гэсэн сэтгэлээр алс холын Франц улсад ажиллаж амьдарч байгаа Б.Эрдэнэхуягийн ажил үйлс болон Хөвсгөл аймгийн Мөрөн хотын хөгжимт драмын театрын хамт олныг урлагийн тэнгэр ивээж, Монгол улсынхаа нэрийг Европын холбоонд өндөрт гаргах, Монгол улсын язгуур урлаг болох үндэсний бүжгийг Дэлхийн бусад орнуудад гайхуулан бахдуулж, уралдаандаа амжилттай оролцоод, аян замдаан алжаалгүй сайн яваад ирэхийг хүсэн ерөөж байна. Урлагийн Янжинлхам бурхан та нарыг минь ивээг.