Эбиг дагаж яваад, сүүлдээ Женког дагаж гүйсэн нөхөр асар их мөнгө эргэлддэг Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар дахин томилогдох гээд Оюун-Эрдэнийг хормойдоод сууж байхыг хардаг л юм байна.

Өмнө нь энэ албанд ажиллаж байхдаа өчнөөн мөнгө идсэн уусан хэрэгт орооцолдож, АТГ-аар шалгуулж байсан Д.Жаргалсайхан энэ албанд нэр дэвшиж байгаа аж. Монголын тэмээн поло спорт уралдаан аяллын холбоонд 2016 онд хууль дүрэм зөрчин 150 сая төгрөг шилжүүлж байсан нь Д.Жаргалсайханыг АТГ-ын хаалга татахад хүргэж байв. Тэмээн поло нь ч хаачсан юм, тэгээд хөгжих нь ч яасан юм? Мань мэт нь Гүйлтийн зам дээр гэртээ гүйгчдийн холбоо байгуулаад 100 саяыг авч болно гэсэн үг үү? Үүнээс гадна энэ хүнд олон асуудал бий. Ядаж л хэдэн тамирчныхаа чемодан саванд хуруу дүрдэг гэх мэдээлэл гарч байлаа. Үндэсний шигшээ багийн тамирчдын цүнх чемоданд 33 сая төгрөг төсөвлөн гаргасан хэрнээ хямдхан хог нийлүүлснээс болж Монголын багийнхны ачаа Рио де Жанейрод хүрч чадалгүй задран, хувцас хэрэгсэл нь Франкфуртэд саатан онигоонд орсон гэлцдэг. Энэ явдлаас болж Бразилд хийх байсан бэлтгэл хойшилж, тамирчдын амжилтанд сөргөөр нөлөөлсөн төдийгүй Монголын Паралимпийн хороо тамирчиддаа шинэ цүнх худалдан авч өгөөд цааш замаа хөөж байжээ.

Тамирчин хүүхдүүдийн хувцсанд ч бас гар дүрсэн удаатай. Азийн хүүхдийн олон улсын наадамд оролцох 165 хүүхдийн тухайн үедээ 123 мянгын үнэтэй байсан хувцсыг нэг бүрийг нь 186 мянган төгрөг буюу нийт 30 саяар нийлүүлсэн боловч өнөөх бэлтгэлийн хувцас нь ганц хоногийн дараа гарын ая даалгүй урагдаж унаад, Азийн баг тамирчдын өмнө Монголын спортын залуу үеийнхнийг шившиг болгож байв. Энэ бол зүгээр л эхний жижиг жишээ. Тамирчин хүн бэлтгэлдээ анхаарч, орон орны өрсөлдөгчдийнхөө тактикыг тооцоолох ёстой болохоос та нарын шахсан хямдхан хогноос болж хямарч явах учиргүй юм шүү. Тамирчдын даатгалыг зөвхөн Бодь даатгалд хийлгэдэг гээд ухвал хэцүүднэ. Спортод хайртай, элэгтэй бизнесийнхний өгдөг хандив гэж бас бий. Дээр нь олимп, тив дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнд тамирчдаасаа олон түшмэд дарга нар улсын зардлаар уралдаад онгоцонд суудаг чинь энэ Жаргалсайхан мэтийн улс төрийнхний улыг долоож явдаг, ууж идэх нь уургын морь, ууталж суух нь ургаа хад болсон нөхдийн хийдэг эрээ цээргүй бялдуучлалын ажиллагаа шүү дээ.

Сайд хаашаа сүүл тийшээ шарваганаж, гишүүдийг дагаж гэрийн нохой шиг гилбэлзэхийг хэлээд байгаа юм. Монголын тамирчид тив, дэлхийд мөнгөтэй мөнгөгүй, мөч дутаж явах нь багадаад, энэ мэтийн идэш нь төрөөс уяатай, ходоод нь хорноос зүүлттэй нөхдөд үе үеэрээ цөлмүүлээд байхаар хэзээ яаж өөдлөх юм бэ? Ингэхэд залуу үе хаачив аа, яагаад 60 нас хүрч байгаа өвгөн Монголын спортынхны хэтэвч санхүүг зайдалчихаад, засах нэрээр завших ёстой гэж? Тэгснээ бүр оюутны спортын хороо энэ тэрээр нутаглаад, залуусыг нугалж дараад яваад байна, болж байгаа юм уу? Цаана чинь дэлхийн спорт тасарчихаад байна, спортын мэргэжлийн менежерүүд, хэл устай, хэлц номтой, эрдэмд нь суралцаж, эх мөрнөөс нь ундаалсан 30,40 насны залуус хаачсан болоод ингээд ухрах араандаа залгачихаад, уусан идсэн нь шалгагдаж байгаа хүнийг эргүүлээд томилоод байдаг юм бэ? Монголын тамирчдын үүрдэг ачаа үүнээс дордоно гэж юу байхав, ийм байхад ихийг хүлээж, ирлэсэн тонгорог шиг ид үедээ яваа тамирчдаа зовоох хэрэггүй шүү!

Залуусын цаг үе ирчихээд байхад гай болохоор зай болох учиртайгаа өвөө нар ойлгодог баймаар байна даа. Монголын ард түмэн мохошгүй, цуцашгүй хэдэн тамирчиндаа татвараа бол өгнө, зориулна, нэмээд хандив босгосон ч чадна, гэхдээ спортын холбоод, олимпийн хороо зайдалсан ёроолгүй гүзээтэй, ёзооргүй шуналтай, их спортыг ихээ том бялуу гэж хардаг хүмүүст бол юу ч өгмөөргүй байна аааа....жаргаж суух 60 нас чинь жарваганаж явдаг үе биш л дээ, үе үеэрээ үүд хоймроо тэнцүүлчихмээр байхад зай болж зам чөлөөлнө үү...

Р.Эмүжин