Зайсангийн амны амралт зугаалгын бүс рүү нэвтрэх ганц гарцыг хаасан зөрчлийг өчигдөр арилгуулсан талаар нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх өнөөдөр мэдэгдэхдээ бүх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэдгийг онцолсон юм. 

Харин энэ үеэр ажил үүргээ гүйцэтгэж явсан сэтгүүлчийн биед цагдаагийн алба хаагч халдаж буй нь бичлэгт үлдсэн байв. 

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү "Гарсан захирамжийн хүрээнд цагдаагийн байгууллага дэмжлэг үзүүлэхээр ажилласан. Энэ үеэр цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, машин тэргээрээ түрсэн, согтуу хүмүүс байсан тул холбогдох дүүргийн цагдаагийн хэлтсээс зөрчлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагаа явуулсан. 

Цагдаагийн алба хаагчийн амь нас, эрүүл мэндэд аюултай аргаар машинаараа түрсэн асуудал бий. Үүнийг шалгаж байгаа.

Түүнчлэн хэд хэдэн хэвлэлийн байгууллага тэнд очсон бөгөөд маргаантай асуудлууд гарсан. Энэ үеэр Парламент телевизийн сэтгүүлч н.Гэрэлмаа гэмтлээ гэх асуудал гарсан. Үүнд Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын удирдлагууд өчигдөр орой холбогдох үүрэг даалгавар өгч, сэтгүүлчийн биед гэмтэл учруулсан байж болзошгүй үйлдэл дээр нь дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Мөрдөн шалгах тасагт гомдол мэдээлэл бүртгэн, шалгаж байна.

Сэтгүүлчээс тайлбар мэдүүлэг авах, гэмтлийн зэргийг тогтоох зэрэг процессын ажиллагаа үргэлжилнэ. Түүнчлэн сэтгүүлчийн эрх чөлөөнд халдсан эсэх, сэтгүүлчийн бичсэн зүйлстэй холбоотойгоор ЦЕГ-аас албаны шалгалт хийхээр болсон. Цагдаагийн алба хаагчдын энгэрийн камерын бичлэг, холбогдох баримтууд бийг мэдэгдсэн. Одоогоор хэн нэгний гэм буруугийн асуудлыг ярих боломжгүй байна" гэх тайлбарыг өглөө.