"Улаан шугам гэгч нь хүүхдийн сурч боловсрох эрхэд халдсан ноцтой зөрчил" хэмээн УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг цахим хуудсандаа байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "Жил бүр ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр анги төгсөгчдөд улаан шугам гэх босго тавин сурлагын дүнгээр нь ялгаварлан 10 дугаар ангид суралцах эрхгүй хэмээн хасдаг явдлыг таслан зогсоох ёстой.

Социалист нийгмийн үеийн төрийн зүгээс хүний эрхийг хязгаарлаж ирсэн энэ буруу жишгийг “Ази дахь ардчиллын баян бүрд” гэгдсэн Монгол Улсад өнөөг хүртэл хэрэгжүүлсээр, үе үеийн Боловсролын сайд нараас нэг нь ч үүнийг халах тухай шийдвэр гаргаагүй ирсэн нь үнэхээр харамсалтай.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16.7-д “сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно” гэж заасан. Монгол Улсын нэгдэн орсон Хүүхдийн эрхийн конвенц, Боловсролын талаар алагчлахтай тэмцэх тухай конвенцуудад “хүүхдийн сурч боловсрох эрхийг хүлээн зөвшөөрч, хүн бүр чадвартаа түшиглэн боловсрол эзэмших бололцоог шаардлагатай бүх арга замаар хангах” нь улс орнуудын төрийн үүрэг болохыг заасан байдаг.

Есдүгээр анги төгсөгчдөөс хэдэн хүүхдийг хасах тухай шийдвэр гаргах эрхийг хэнд ч ямар ч хууль тогтоомжоор олгоогүй атал Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд өөрсдийн үзэмжээр шийдэж ирсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, нэгдэн орсон олон улсын гэрээнүүдийг бүгдийг зөрчсөн хүүхдийн эрхэд халдсан ноцтой зөрчил тул үүнийг таслан зогсоох тухайд шийдвэр гаргахыг БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд уламжлах болно" гэжээ. 

Энэ асуудлаар иргэд олон нийтийн сүлжээнд бухимдлаа илэрхийлээд байгаа юм.