-ХӨТӨЛИЙН “ЦЕМЕНТ ШОХОЙ” ХХК ТӨРИЙН МЭДЭЛД ОЧСОНООС ХОЙШ ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ДОГОЛДСОН ГЭВ-


Гурвалжинд байрлах 44 барилгын материалын захаас сурвалжилга бэлтгэлээ. Энэхүү захад цементийн хомсдол үүсчээ. Цементийн худалдаа эрхлэгчдийн онцолж байгаагаар бол хомсдол үүсээд хоёр долоо хоног орчим болж байгаа гэнэ. Өчигдөр очиход цөөхөн агуулах нь л буландаа хэдэн шуудай цемент өрөөд тавьчихаж. Цементийн агуулахуудын олонх нь хоосон, цемент зөөдөг хүмүүс нь хөзөр тоглоод сууж байх аж. Ховордсон цементийн үнэ ч тэнгэрт хадчихаж. Цемент сурагласан улс толгой сэгсрээд гарч харагдлаа. Энд саяхан төрийн мэдэлд очсон Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийн бүтээгдэхүүний бараа ч алга. “МАК”, “Мон цемент” зэрэг үйлдвэрүүдийн цемент бага хэмжээгээр худалдаалагдаж байсан юм. Өчигдрийн байдлаар тус захад тонн цемент 380-400 мянган төгрөгийн ханштай зарагдаж байлаа. Шуудай цемент 20-22 мянган төгрөгийн ханштай байна.


Цементийн худалдаа эрхлэгч О.Дуламрагчаатай цөөн хором хөөрөлдлөө.


-Манайх цементийн хэрэгцээгээ дотоодоосоо хангах боломжтой гэж яриад олон жил болж байна. Өнөөдөр хомсдол үүсч. Үүнд юу нөлөөлөв?

-Энд өдөрт л 30-40 вагон цемент орж ирж хэрэгцээ хангадаг юм. Өнөөдөр вагоноор цемент оруулж ирэхгүй байна л даа. Цементийн худалдаа эрхлэгчид өөрсдөө үйлдвэрээс нь бага хэмжээгээр татаж аваад худалдаалж байна. Цементийн үйлдвэрүүд дотоодын хэрэгцээг хангах хэмжээнд ажиллаж чадахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, бүрэн чадлаараа ажиллахгүй байна л даа. Ачааны машинтай очиход л дүүртэл ачаад өгч чадахгүй байна.

-Дотоодын үйлдвэрүүд бүрэн чадлаараа ажиллахгүй байгааг та онцолж байна. Үүнд ямар шалтгаан байна вэ?

-Манайх “МАК”-аас цементээ татдаг юм. Тэдний үйлдвэр бүрэн чадлаараа ажиллахгүй байгаа. Үүнийгээ уутгүй болсон гэж тайлбарлаж байна лээ.Уут нь урдаас орж ирэхгүй байгаа гэх мэдээлэл л надад байна.Өөр шалтгаанууд ч байхыг үгүйсгэхгүй. Тэр бүрийгээ бидэнд тайлагнахгүй шүү дээ. Өмнө нь “МАК”-ын цементийн үйлдвэрийн гаднаас л вагон хөдлөөд манайд буудаг байлаа. Одоо тэгэхээ больсон. Өөрсдөө очиж байж л бага хэмжээгээр татаж байна.

-Вагоноор зөөхөө больсон шалтгаан нь юу вэ?

-Нэгдүгээрт их хэжээгээр үйлдвэрлэхгүй байна. Хоёрдугаарт, ачааны вагонууд Замын-Үүдэд оччихоод байгаа. Урд хил дээр гацсан чингэлгүүдийг зөөхөөр тийш нь татсан байх. Цемент зөөх вагон одоогоор алга байна.

-Цементийн үнэ тэнгэрт хадаад байна л даа. Жилийн өмнөхөөс 100 орчим мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

-Жилийн өмнө тонн цемент 240 мянган төгрөгийн ханштай байсан юм. Өнөөдөр 380-400 мянган төгрөгөөр зарагдаж байна. Үнэ өссөн шалтгаан нь энд вагоноор орж ирэхгүй байгаатай холбоотой. Бид Дорноговийн Даланжаргалангаас өөрсдийн унаагаар татаж байгаа. Шатахууны мөнгө, жолоочийн хөлс гээд л зардлууд гарна. Энэ бүхнийг шингээгээд л тогтоосон үнэ нь энэ.

-Хөтөлөөс цемент орж ирж байна уу?

-Сүүлийн хоёр сар орчмын хугацаанд орж ирсэнгүй. Өөрөөр хэлбэл, тэр үйлдвэрийг төр мэдэлдээ авснаас хойш энд цемент орж ирсэнгүй. Өмнө нь бол долоо хоног бүр л ирдэг байсан юм. Төр мэдэлдээ аваад л ийшээ ирэхээ больсон. Үйл ажиллагаанд доголдол үүссэн талаар худалдаа эрхлэгчид хэлж байна лээ. Төрийн гар хүрсэн бүхэн үйл ажиллагаа нь доголддог жишиг байдаг. Хөтөлийн цементийн үйлдвэр ч тэр замаар л орж байна. Өмнө нь бол Хөтөлийн цемент хангалттай хэмжээгээр л ирдэг байлаа. Чанар нь ч сайн, хүмүүс их авдаг байсан юм. Төр мэдэлдээ аваад л ийм зүйл боллоо.

-Цементийн үнийг ченжүүд өсгөөд байна гэх зүйлийг хүмүүс хэлж байна л даа.

-Үгүй шүү дээ. Үнэ өссөн шалтгааныг сая танд тодорхой тайлбарласан.

-Та “МАК”-ын үйлдвэрээс нь цемент татаж зардаг талаар дурдсан. Үйлдвэрээс нь ямар ханшаар авч байна вэ?

-Тэр бүрийг тодорхой хэлэх боломж алга” хэмээв.

Шуналтай ченжүүдцементний үнийг тэнгэртхадаажбайнагэв

44 захын орчим цемент сурагласан хүмүүсийн хөлд дарагджээ. Байгаа жаахан цементийг нь булаацалдаад л ачаад гарч байна.

Цемент ачаад гарч буй иргэнээс тодруулга авсан юм.

-Та хэдэн тонн цемент авав?

-Тонн гаруй цемент л авлаа. Олдоц муу байна. Өдрийн турш хайж яваад л эндээс авлаа.

-Манайх цементийн хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой гэж олон жил ярьж байна шүү дээ.

-Тийм. Дотоодын үйлдвэрүүд бүрэн чадлаараа ажиллахгүй байгааг худалдаа эрхлэгчид хэлж байна. Мөн Хөтөлөөс цемент орж ирэхгүй байгаа нь хомсдол үүсэхэд гол нөлөө үзүүлж байгааг ченжүүд ярьж байна лээ.

-Цементийн үнэ өссөн шалтгааныг та яаж харж байна вэ?

-Тодорхой шүү дээ. Ченжүүдийн л хийж байгаа ажил. Ченжүүд л үнийн хөөрөгдөл бий болгож байгаа. Өнөөдөр “МАК”-ын үйлдвэрээс тонн цемент 260000 төгрөгөөр л гарч байгаа. Энд ирээд 380000-400000 төгрөг болж худалдаалагдаж байна. Үйлдвэрүүд өөрсдөө төвлөрсөн худалдааны цэгтэй болох хэрэгтэй.Борлуулах цэг цөөхөн байдаг ч очоод авах гэхэд жаахан цемент нь тэр дороо дуусчих юм. Борлуулалтын цэгүүдээ нэмэх хэрэгтэй. Тэгвэл шуналтай ченжүүд аманд орсон үнээ хэлээд зогсож байхгүй шүү дээ. Үүнээс гадна цементийн хэрэгцээг хангаж байгаа үйлдвэрүүдээ төрийн зүгээс янз бүрийн байдлаар дарамталдаг явдлаа болих хэрэгтэй. “Тийм зээл авсан, ийм ч зээлээ төлж барагдуулаагүй” гээд л дарамталж байгаа харагддаг. Авсан зээлийнх нь үр дүнд дотоодын хэрэгцээг хангаад явж байна шүү дээ. Нэг ч гэсэн зүйл дээр айл царайчлахгүй өөрсдөө хийж байгаа нь сайн хэрэг гэв.


МАК евро цемент ХХК: Сав, баглаа боодол хилээр орж ирэхгүй байна


Бид “МАК евро цемент” үйлвэрийн ажилтантай холбогдож мэдээлэл авсан юм.


-Танай цементийн үйлдвэр хэвийн ажиллаж байна уу?

-Үйл ажиллагаа хэвийн явж байгаа.

-Нийслэлд цементийн хомсдол үүсээд байна л даа.

-Өнөөдрийн байдлаар цементийн сав баглаа, боодол хилээр орж ирэхгүй байна. Удахгүй шийдэгдэх байх.

-Танай үйлдвэрээс тонн цемент ямар үнэтэй гарч байна вэ?

-Үйлдвэр дээрээс 260600 төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин Улаанбаатар хот дахь борлуулалтын цэгээс 275000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа.

-Даланжаргалангийн үйлдвэрээс цементээ вагоноор зөөж байна уу. Вагоноор тээвэрлэхээ больсон гэх мэдээллийг цементийн худалдаа эрхлэгчид хэлж байна лээ.

-Бид бүтээгдэхүүнээ нийслэл рүү вагоноор зөөж байгаа. Өмнөхтэйгөө л ижилхэн. Сав баглаа боодлын асуудалтай холбоотойгоор цементийн олдоц ховордсон. Манайд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх үйлдвэрүүдэд энэ төрлийн бэрхшээл тулгарч байна” гэв.

Цементийн хомсдол үйлдвэрүүд сав баглаагүй болсонтой холбоотойг худалдаа эрхлэгчид онцолж байна. Тодруулбал, цементний уут хилээр орж ирэхгүй байгаа ажээ.