Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Улаанбаатар Импекс ХХК-ийн гаалийн хяналтын талбайд байрлаж байсан 32 тоннын даацтай вандан кран энэ сарын 18-ны өдрийн орой салхинд унасан осол гарчээ.

Уг ослын нөхцөл байдлыг шалгахад, техникийн бүрэн бус (салхины туугдлаас хамгаалах хэрэгсэл дутуу) байдлаас шалтгаалан кран унасан, осолтой холбоотойгоор хүний эрүүл мэнд, амь насанд ямар нэг хохирол учраагүй, шалгалт үргэлжилж байна хэмээн Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас мэдээллээ.

Иймд кран эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, техникийн магадлалд хамруулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, мэргэжлийн ажилчдыг ажиллуулах шаардлагатай байгааг Мэргэжлийн хяналтын байгууллагаас сэрэмжлүүллээ.