Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч Н 2022 оны зургадугаар сарын 17-ны өдөр нас барсан хэрэг гарсан билээ. Тэгвэл урьдчилсан байдлаар тухайн цэргийн ходоод нь задарсны улмаас нас барсан гэх дүгнэлт гараад байгаа юм. Энэ талаар талийгаач цэргийн авга ах н.Мөнхбилгүүнээс тодрууллаа.


-Шүүхийн шинжилгээний хариу гарсан уу?

-Гараагүй байгаа. Яаралтайгаар 14 хоног гэсэн. Би нэг зүйлийг гайхаж байгаа нь шүүх эмнэлгийн дүгнэлт албан ёсоор бидэнд ирээгүй байхад гадны ямар ч нөлөөгүй гэсэн дүгнэлтийг цэрэг, цагдаа, бүр Хууль зүй, дотоод хэргийн сайд нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр яриад сууж байх юм.

-Хүүгийн ар гэр, ээж аавынх нь биеийн байдал, сэтгэл санаа нь хэр байгаа вэ?

-Ер нь бол маш хэцүү байна. Зүв зүгээр цэрэгт явсан хүү нь цогцос болчихоод байхад ямар л эцэг эхийн сэтгэл санаа тогтвортой байх вэ дээ. Цэргийн бүх шалгалт үзүүлэлтүүдэд нь тэнцээд явсан хүүхэд шүү дээ.

-Цэргийн ангиас та бүхэнтэй холбоотой байгаа юу?

-Холбоотой байгаа. Одоохондоо ямар нэгэн шийдтэй хариу байхгүй. Хөөцөлдөж байгаа л гээд байна. Цэргийн ангиас нь ажил явдалд нь тусална, гурван жилийн тэтгэмж авч өгнө ч гэнэ үү юм яриад байна лээ. Тэр тэтгэмжийг нь аваад миний дүү босоод ирэх үү. Эрүүл саруул хүүхдээ алдсан хүмүүст энэ чинь хүнд тусна шүү дээ.

-Хагалгаа хийсэн эмчээс нь ходоод нь яагаад задарсан тухай асуусан уу?

-Хагалгааны эмч бидэнд ходоодыг нь уутанд хийгээд харуулсан. Тэр эмч нар “Бид хуруу хэмжээтэй л цоорсон байх гэж бодтол тэр чигтээ шахуу задарсан байна” гээд халаглаж байна лээ. “Арван жил хагалгаа хийхдээ ийм зүйл огт хараагүй” гэж хэлсэн. Түүнийг нь бид бичлэг хийгээд авчихсан байгаа.

-Цэргийн анги болон ХЗДХ-ийн сайд мэдэгдэл хийсэн шүү дээ. Эдгээр мэдэгдлүүдтэй та бүхэн санал нийлж байгаа юу?

-Ер нь гадны нөлөөтэй л гэж бодож байгаа. Эрүүл саруул хүүхэд байсан шүү дээ.

-Та бүхнийг Тангаргийн баяраар нь очиход талийгаач ямар нэгэн байдлаар дарамт шахалт байдаг талаар хэлсэн үү?

-Зодоон нүдээн, янз бүрийн асуудал байхгүй л гэж байсан. Тэгээд Тангаргийн баярын дөнгөж дараахан л энэ асуудал болсон шүү дээ.

-Цэргийн ангиас гадны нөлөөгүй л гээд байгаа шүү дээ?

-Тэгээд л байгаа. Гэхдээ бид санал нийлэхгүй байна.

-Дотоодын цэргийн 05 дугаар анги цагдаа, цэргийнхнийг бэлтгэдэг анги юм байна лээ. Тэгэхээр цагдаа, шүүхэд нөлөөлж хэргийг нуун далдлах магадлалтай юу?

-Харин тийм байдалтай байж магадгүй гэж бид хардаад байгаа. Маш их гомдолтой байна.

-Байлдагчийн байсан өрөөний камер нь эвдэрсэн байсан гэсэн үү?

-Камерын бичлэгт ямар нэгэн зүйл ажиглагдаагүй. Цагдаагаас камерын бичлэг шүүж үзэхэд ямар нэг зүйл илрээгүй гэж байна лээ. Харин бид бол камерын бичлэгт итгэхгүй байна. Камер байгааг мэдсээр байж хэн л камерын өмнө ярга үйлдэх вэ дээ. Хэрэв дэглэсэн бол далд л аваачиж дэглэнэ шүү дээ.

-Эмнэлэгт та бүхнийг очиж дүүгээ харахад ямар нэгэн ил харагдах шарх байсан уу?

-Амьсгал хураахынх нь өмнөхөн бид орсон. Мэдээж ил шарх сорви байна уу хэмээн ажигласан ч ил харагдах хөхөрч улайсан зүйл байгаагүй. Гарынх нь шуун дээр маажсан юм уу гэмээр шарх байсан. Хэвлийнд мэс засал хийсэн учраас боолтын цаанаас юм харагдаагүй.