Тээврийн хэрэгслийн зөөн шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагааны явцад хүний эрх зөрчигдөж байгаа эсэхийг Прокурорын байгууллагаас шалгаж эхэлсэн гэдгийг УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.Алдархишиг хэллээ.

Тэрбээр өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ "Тээврийн хэрэгслийн зөөн шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагаа нь прокурорын хяналтад орж өмнө нь явагдаж байгаагүй. Энэ үйл ажиллагаанд ямар нэг байдлаар хүний эрх зөрчигдөж байна уу, үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгахаар Прокурорын байгууллага санаачлан, нийслэлийн төвийн зургаан дүүрэгт шалгах ажиллагааг эхлүүлээд байна.

Шалгах ажиллагаагаар хүний эрхэд нийцэж байгаа эсэх талаар нэгдсэн дүгнэлт гарна.

Бид энэ ажлыг эхлүүлж, үүнтэй холбоотой нийгэмд гараад байгаа асуудлуудыг шалгалтын хүрээнд тогтоож, холбогдох арга хэмжээг авахаар ажиллаж байна" хэмээн сэтгүүлчийн асуултад хариулсан юм.