Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны үеэр Монгол Улсын Үндэсний бөхийн Даяар дуурсагдах далай даян дархан аварга Хорлоогийн Баянмөнх зодог тайлж, есөн хөлт тугандаа мөргөлөө. 

Х.Баянмөнх аварга 1963 оноос хойш Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 60 жил хүч үзэхдээ 10 удаа түрүүлж, 27 удаа шөвгөрч, наадамчин олноо цэнгүүлсэн бөгөөд 250 давж, зүлэг ногоон дэвжээнд залсан Төрийн есөн хөлт цагаан тугаа тойрч байжээ. 

Үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхийн 1971, 1974 оны ДАШТ-ий мөнгө, 1975 оны алтан медаль, 1972 оны зуны олимпын мөнгөн медальт тамирчин бөгөөд Монгол Улсын 14 удаагийн аварга юм.

Ийнхүү зүлэг ногоон дэвжээгээ орхин зодог тайлж байгаа Х.Баянмөнх аваргад түүний эхнэр, Монгол Улсын Гавьяат багш Н.Дэжимбээ, хүү Б.Гантогтох болон зээ хүү С.Хангай тэргүүтэй ач, зээ нар нь хүндэтгэл үзүүллээ.

Домогт их аварга Х.Баянмөнх өөрийн ид хаваа гайхуулж асан цагтаа өмсөж байсан зодог, шуудгаа ач зээ нартаа гардуулсан юм. 

Тэрбээр "Зүлэг ногоон талбайдаа зодог шуудгаа өмсөж, хүчээ үзэж чадахгүй болсондоо хөнгөн мэдрэмж төрж байна. Гэхдээ би өөртөө хатуу санамж үг хэлж байгаа. Энэ ногоон дэвжээн дээр 68 жил хүчээ үзлээ, дэлхийд барилдлаа, Монгол эх орныхоо нэрийг мандууллаа, олон шавь бэлдлээ, одоо болоо юм биш үү гэж өөртөө хэлж байгаа.

Цаашид миний Монголын ард түмэн зөв сайхан сэтгэлтэйгээр Монголын өвөг дээдсийн үлдээсэн энэ их соёлыг чансаатай авч явах байх гэж найдаж байна. Олон түмэн минь эрүүл энх байгаарай, сэтгэл санаа сайхан байгаарай, бусдын сайн сайханд баярлаж яваарай. Санааныхаа зоргоор амьдардаг хорвоо учраас сайхан зүйл бодож яваарай, өнөд мөнх үргэлж цэнгэлтэй, баярлаж яваарай гэж ерөөе" гэлээ.