Орхон аймагт дулааны шугамын худагт унасан хүүхдийг эсэн мэнд гаргажээ. 

Тодруулбал, тус аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн байранд дулааны шугамын худагт хүүхэд унасан талаарх дуудлагыг долдугаар сарын 24-ний өдрийн 13:31 цагт онцгой байдлын албаныхан хүлээн авсан байна. 

Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид хоёр км замыг туулан, 13:34 цагт очиход бага насны хүүхэд 3-4 метрийн гүнтэй дулааны шугамын худагт унасан байсныг дөрвөн минут ажиллан гаргаж, хүүхдийн аавд хүлээлгэн өгсөн хэмээн Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.  

Эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас анхааруулав.

Түүнчлэн дулааны шугамын таг эвдэрсэн үед холбогдох албаныхан нэн даруй засахгүй бол иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл үүсээд байна.