сонин mn

 

 “Амьдрал хайр дээр тогтдог” хэмээн бид дуулалдацгаадаг ч даян дэлхийн найман тэрбум хүмүүний амьдрал хайр дээр биш хоол хүнсэн дээр л тогтдог шүү дээ.  Идэх юмгүй өлбөрвөл юун яасан хайр майр. 

 Нөгөө талаас аливаа хүнс тэжээл газартариалан ч бай, мал аж ахуй ч бай бордооноос хамааралтай болохыг хүн тэр болгон анзаардаггүй. 

 

Украин, Оросын улаан буудай, Энэтхэг, Хятадын цагаан будаа, Бразиль үхрийн мах, Америк тахианы гуянаас авахуулаад дэлхийн хүнсний гол нэрийн бараанууд бордоогүй л бол дуусаа. 

 

  Яаж ч бодсон мянга мянган жил тарьсан орнуудын хөрсний байгалийн үржил шим гэж юу байх билээ, бордож л байж жаахан юм авна.  Саяхан НҮБ-ын санаачлагаар Орос, Украины албаны хүмүүс тохиролцож, Оросын хөдөө аж ахуйн гол бүтээгдэхүүн, бордооны эсрэг чиглэсэн хориг арга хэмжээг цуцлахаар тохирсон. Ингэхгүй бол ирэх жилээс ургац эрс буурч, дэлхий нийтээрээ өлсгөлөнд автах нь тодорхой болоод байна.  

 

 Бордоог эрдэс, органик гэж гарал үүслээр нь хоёр ангилдаг. 

Органик буюу шим бордоонд малын өтөг бууц, шувууны сангас, ургамлын хаягдал багтдаг бол эрдэс бордоонд азот, фосфор, кали бусад микроэлементүүд агуулсан химийн бордоонууд ордог. 

Азот фосфор, калийн бордооны гол экспортлогч орнуудын тэргүүнд ОХУ ордгийг энэ орны эсрэг хориг тавиад байгаа товарищууд тас мартаж орхисон бололтой. Бордоо бүрийн талаар товчхон дурьдъя

 

1.Фосфорын бордооны түүхий эдээр Марокко, БНХАУ, АНУ тэргүүлдэг ч Хятад, АНУ-ын дотоодын хэрэгцээ асар их учраас гаднаас өөрсдөө нэмж импортолдог. Фосфорын бордоог гадагшаа экспортолдог хамгийн том орон нь харамсалтай нь хамаг бараа таваардаа хориг тавиулсан ОХУ. 

 

 Нефть, хийг салхи, нарны эрчим хүчээр аргалж болох боловч, фосфорын бордоог бол юугаар ч орлуулж чадахгүй л дээ. Дэлхийн хурдацтай өсөж байгаа хүн амын хүнсний хэрэгцээг хангахын тулд ургацын хувь заяаг шийддэг фосфорын бордооны нөөц 40-80 жилийн дараа шавхагдана гэсэн судалгааг Олон улсын бордоо үйлдвэрлэгчдийн нийгэмлэг (International Fertilizer Industry Association) гаргасан байна лээ.

 

  2. Агаарын азотыг нэрэх замаар азотын бордоог гаргаж авдаг. Азотын бордоог экспортлогч хамгийн том орон нь ОХУ. Дэлхийн агаар мандлын 78% энэ бодис эзэлдэг учир шавхагдашгүй их нөөц байгаа мэт харагдавч нитрат аммонийг үйлдвэрлэхэд асар их хэмжээний эрчим хүч, тэр тусмаа газ зайлшгүй шаардлагатай болно. Энэ бодисыг уул уурхайд тэсэлгээний зориулалтаар асар их хэмжээгээр хэрэглэдэг. Гэтэл Оросын хийн хоолойнуудын крантыг барууныхан өөрсдөө санаачлан хаачихсан байдаг. Дахиад л Оросуудыг царайчлахаас өөр арга зам даанч байхгүйг би харж байна.

 

3.Калийн бордооны түүхий эдийн нөөцөөрөө ОХУ, Канад хоёр дэлхийд тэргүүлдэг ба Беларус Орос хоёр дэлхийн калийн бордооны 40%-ийг дангаараа үйлдвэрлэдэг. Кали зөвхөн ХАА-гаар хязгаарлагдахгүй шил, будаг үйлдвэрлэх, арьс шир боловсруулах, цахилгаан техникийн салбарт их хэмжээгээр хэрэглэгддэг эд. Хэрэв танай улс Оросын эсрэг хоригт нэгдсэн бол энэ төрлийн үйлдвэрүүдийнхээ  хаалгыг яьаандаа барина аа л гэсэн үг.

Оросоос их хэмжээгээр гардаг бүтээгдэхүүний шуудайны амыг барих гэж оролдвол өөрсдөө үүнээс илүү хохирол амсахыг Владимир Путин сайн тооцсон л байж таараа. Удахгүй хүйтэрнэ, тавьсан  хоригоо цуцлахгүй бол барууныхан  өөрсдөө бажигадана аа бажигдана.

 

 Ш.Пүрэвсүрэн 

www.Sonin.mn