"Давхар дээл"-тэй гишүүний тоог дөрвөөр хязгаарласан заалтыг Үндсэн хуульд харшилсан гэж үзэн, хүчингүй болгосныг өчигдөр Үндсэн хуулийн цэцээс мэдээлсэн.

Тус шийдвэртэй холбоотойгоор "Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Өчигдөр ҮХЦ-ээс давхар дээлтэй холбоотой гаргасан шийдвэр нь түүхэнд хар гэж тэмдэглэж болохуйц байлаа. Мөн Үндсэн хуулиа Үндсэн хууль нь өөрөө зөрчсөн шийдвэр болж байна.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг хамт хийе гэж явсан Т.Доржханд гишүүн хаачив аа. Давхар дээлний асуудал шийдэгдээд алга болчхов уу. Ард түмэн талбай дээр гарч тэмцээд ч хамаагүй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийлгэхийн төлөө явах ёстой. Одоо УИХ-ын гиүшүүдийн мөрөөдөл биелээд дуусах гээд байна. Ийм боломжийг хэрхэвч зөвшөөрч болохгүй.

"Үнэн ба зөв" намаас санаачлаад намын нөхөдтэйгөө ярилцаж байгаад Сүхбаатарын талбай дээр ойрын хугацаанд суулт зарлана.

Энэхүү нь тогтолцооны өөрчлөлт хийж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардсан суулт байх болно. УИХ-ын дарга Г.Занданшатар танаас гуйя. УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг хөндөж эхэлнэ үү. Тэгэхгүй бол УИХ-ын гишүүд чинь сайд болно гэх сургаар Төрийн ордон дотор дэгдэж гүйлээ.

Зарим нь намайг УИХ-д орж хулгай хийх гэж байна гэнэ. Би хулгай хийх байсан бол юу гэж ийм нам байгуулах юм бэ? Би хулгай хийх байсан бол УИХ-ын гишүүдий тоог 200 болгож хэн ч биш болго гэж ярихгүй" гэлээ.