Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Бараа бүтээгдэхүүний гарал үүсэл ба хэрэглэгчийн мэдээлэл авах эрх” сарын аяныг есдүгээр сарын 1-нээс эхлүүлээд буй.

Энэ хүрээнд ШӨХТГ-аас аяны талаар болон сүүлд хийсэн хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд хяналт шалгалтын талаар Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар (ШӨХТГ)-ын дарга С.Мөнхчулуун “Сүлжээ дэлгүүрүүд болон зах худалдааны төвүүдийн барааны кассын үнэ болон болон лангууны үнийн зөрүүтэй асуудлаар шалгалт хийж, зөрчигдөж буй дүрэм стандартыг тодруулсан.

Лангууны үнэ, кассын үнэтэй зөрөх зөрчил маш их гарсан. Зөрчил гаргасан таван дэлгүүр, ААН буюу E Mart, Sky Hypermarket, CU, Good Price, Wellmar гэх дэлгүүр тус бүр таван сая төгрөгийн торгууль оногдууллаа.

Мөн жин хэмжүүр нь зөрүүтэй, хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн худалдан борлуулсан зөрчилтэй, дэлгүүр худалдааны төвүүдийг мэргэжлийн хяналтын газарт шилжүүлж, цааш шалгалтыг үргэлжлүүлж байна" гэв.

Түүнчлэн “Бараа бүтээгдэхүүний гарал үүсэл ба хэрэглэгчийн мэдээлэл авах эрх” аяны зорилго нь хэрэглэгч чанар, аюулгүй байдлыг хангасан бараа хэрэглэх, мэдээлэл авах эрхийг хангах, сонголт хийх нөхцөлийг бүрдүүлэх, үүнтэй холбоотой хууль тогтоомж, стандартыг мөрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зохион байгуулалтыг боловсронгуй болгох, эрчимжүүлэх юм. 

Зах, худалдааны төв, хүнсний дэлгүүр болон тэдгээрт бараа бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгчдийг хамруулах юм байна. Мөн гарсан зөрчлийг арилгаж, цаашид тухайн зөрчлийг дахин гаргахгүй байх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, хэрэглэгчдэд хэрэглээний боловсрол олгох, хэрэглэгч, худалдагч, нийлүүлэгчийн хариуцлага, хяналтыг сайжруулах арга хэмжээ авах аж.