Нүүрс бол Монгол Улсын эдийн засаг, аж үйлдвэрийн тулгуур мөн. Түүнчлэн манай улсын экспортын орлогын гуравны нэгээс илүү хувь, эрчим хүчний анхдагч эх үүсвэрийн 90 гаруй хувийг бүрдүүлж байна.

Өнөөгийн байдлаар Монгол Улсад 70 гаруй ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий 50-иад аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж буйн дотор төвийн бүсийн дулааны цахилгаан станцад тав, орон нутгийн хэрэгцээнд 23, экспортод давхардсан тоогоор 30 гаруй уурхай ажиллаж байгаа аж. 

 

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хилийн боомтыг хөгжүүлэх, эрчим хүч болон аж үйлдвэрийн төслүүд урагшлах нөхцөл бүрдсэн. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад түшиглэн цаг алдсан төслүүд хөдлөх, уул уурхайн түүхий эдийн үнэ өсөлттэй байгаа нь энэ салбарт хөрөнгө оруулалт татах боломжийг бүрдүүлж байна гэж чуулганд оролцогчид хэлж байлаа. “Coal Mongolia” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын Олон улсын чуулган нь 10 дахь удаагаа зохион байгуулагдаж буй. Энэ хугацаанд 7084 зочид, төлөөлөгчид оролжээ.

 

Тодруулбал, үе үеийн гурван Ерөнхий сайд, яамдын 27 сайд, УИХ-ын 39 гишүүн, гадаад дотоодын 235 илтгэгч байна. Хувиар нь задалж үзвэл, бизнесийн төлөөлөл 79, бусад төлөөлөл 12 хувийг эзэлсэн бол Төр засгийн төлөөлөл есөн хувийг эзэлжээ. Үүнээс гадна 527 компани үзэсгэлэн гаргаснаас техник, технологийн ханган нийлүүлэгчид 48, банк санхүүгийн байгууллага 18, нүүрсний уурхай 19 хувийг эзэлсэн бол 11 хувьд нь шинэ төслүүд багтаж буй. 

 

сонин mn

Энэ салбарт нүүрсний сав газартай 15, лицензтэй 307, уурхай бүхий 44, чулуун нүүрсний уурхайтай 29 байгууллага ажиллаж байна. Улмаар дэлхийн хэмжээнд 17 дугаар байрт жагсжээ. “2017 онд 36.6 сая тонн нүүрс олборлосон бол 2019 онд 57.1 сая тонн нүүрс олборлосон нь түүхэн дээд амжилт” гэж зохион байгуулагчид хэллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-д ажлын айлчлал хийж байгаа учраас чуулганд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлсэн илтгээлтэд “Нүүрсний эрэлт эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед зөв удирдлагатай хамтран ажиллах шаардлагатай байна. Хил, гаальтай холбоотой олон сөрөг хүчин зүйл байгаа ч уул уурхайн салбарт чамгүй ажил амжуулсныг дурджээ. Тодруулбал, Гашуунсухайтын боомтыг богино хугацаанд ашиглалтад оруулах гэж байна. Удахгүй Шивээхүрэнгийн боомтын ажил дуусна. Мөн Бичигтийн боомтыг ашиглалтад оруулснаар жилд 25 сая тонн ашигт малтмал экспортлох боломж бий болно. Ингэснээр одоо байгаа гурван боомт тав болж, экспорт хоёр дахин нэмэгдэх юм. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд энэ салбарт нүүрс гүн боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулна” хэмээжээ.

 

Харин хоёр өдрийн турш болох энэ удаагийн чуулганыг УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар нээж, үг хэлэв. Тэрбээр “Манай улсын экспортын орлогод жинтэй хувь нэмэр оруулдаг эрдэсийн нэг нь нүүрс. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д боомтуудын хүчин чадлыг нэмэх, авто болон төмөр замаар холбох зорилт дэвшүүлсэн. Ингэснээр боомтуудын боймыг арилгаж, нүүрсний экспорт өсөх  юм. "Таван Толгой"-д цахилгаан станц барих ажил эхэлсэн. “Эрдэнэс Монгол” хувьцаат компанийн харьяанд нүүрсний групп байгуулахаар ажиллаж байна. “Үндэсний баялгийн сангийн тухай хууль”-ийн төслийг УИХ-аар хэлэлцэнэ. Эрдэс баялгийн салбарын  орлогыг иргэдэд тэгш хуваарилах боломж бий болно. Би сүүлийн дөрвөн жилд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог тэргүүлсэн тул энэ салбарыг гадарлаж, салбар хоорондын уялдааг хангах, нүүрс тээвэрт анхаарч ажиллана” хэмээсэн юм.  Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам дараах бодлогыг баримтлах аж. Тухайлбал, хариуцлагатай уул уурхай буюу тусгай зөвшөөрлөө авсан бүх компанийг дэмжиж, хувийн хэвшлийн өрсөлдөөнийг дээшлүүлнэ. Төр хувийн хэвшилтэй ажил хийх гэж уралдахгүй. Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тууштай хамгаална” гэв.

 

ЭКСПЕРТИЙН ҮГ

 

Монголын Уул уурхайн ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа: 1994 онд баталсан хуулийг 44 удаа өөрчилсөн нь таатай үзүүлэлт биш

 

сонин mn

-“Ашигт малтмалын тухай хууль” нь манай салбарын малгай хууль. Гэвч энэ хуулинд ойр ойрхон өөрчлөлт ордог. 1994 онд баталсан хуулийг 44 удаа өөрчилсөн нь таатай үзүүлэлт биш. Эрдэс баялгийн нийт 92 хууль бий. Аж ахуйн нэгжид хамааралтай нь 22 байна. Эрүүл мэнд, хөдөлмөрийн харилцааг зохицуулсан, санхүүгийн гэх мэт олон хуулийн дор бид үйл ажиллагаа явуулдаг. Мөн 6555 стандартын 1200 нь манай салбарынх юм. Монгол Улс нийт 28 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт татжээ. 2012 оноос хойш хөрөнгө оруулалт буурч 2016 оноос сэргэсэн ч 2019 оноос дахин буурлаа. Сүүлийн жилүүдэд хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо буурч ашигт малтмалынх өссөн. 2020 оны байдлаар 1696 ашиглалтын тусгай зөвшөөрөл байна. Татварын орчны тухайд ААНОАТ, НӨАТ, АМНАТ, газрын төлбөр, агаарын бохирдлын төлбөрийг төлдөг. Зөвшөөрөл авсан байгууллага бүр шууд олборлолт эхлүүлдэггүй. Хөрөнгө оруулалт татах, судалгаа хийх шатанд олон байгууллага байна.

 

Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал: Сул зогсохоор санхүүгийн зардлаа дийлдэггүй онцлогтой салбар юм

 

сонин mn

-Нүүрс бол Монголын эдийн засаг, аж үйлдвэр, эрчим хүч мөн. Бид нүүрс “идэж” амьдардаг. Хар алт болох нүүрсийг олборлон баялаг болгодог мэргэжилтнүүд энд цуглажээ. Бид хаана хүрсэн, цаашид яах вэ гэдгээ нээлттэй ярилцдаг талбар нь “Coal Mongolia” чуулган юм.   Цар тахлын  үед нийтээрээ нүүрс хэрэгтэй юм байна гэдгийг хүлээн зөвшөөрдөг болсон нь сайн хэрэг.  Нүүрсийг гарган авахын тулд олон сая метр куб уулын ажил хийдэг. Үүнийг дагаад томоохон дэд бүтэц шаарддаг. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалт хийсэн бол гараад явж болдоггүй. Сул зогсохоор санхүүгийн зардлаа дийлдэггүй онцлогтой салбар юм. Компаниуд богино хугацаанд өндөр ашиг олохоос илүүтэйгээр олон нийттэй зөвшилцөн урт хугацаанд хамтран ажиллах хүсэлтэй байдаг. Бид нүүрсээ  экспортлоод ердөө 20 жил болж байна. 2008 оны санхүүгийн хямралын дараа Монгол Улс коксжих нүүрсний томоохон тоглогч болсон. Үүний дараа буюу 2012 оноос энэ чуулганыг зохион байгуулах болсон юм.

Төсвийн тодотголоор энэ онд 18 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөө гарснаас одоогийн байдлаар 73 хувийн гүйцэтгэлтэй буюу 13.2 сая тонныг өнгөрсөн сарын 22-ны байдлаар экспортлосон. Сүүлийн гурван сард “Боомтын сэргэлт” бодлогын хэрэгжилтээр нүүрсний экспорт сэргэж буйг мэргэжилтнүүд хэлдэг. Энэ хэвээрээ үргэлжилбэл дээрх төлөвлөгөөг биелүүлэх бүрэн боломжтой юм.

 

 

 

Б.Дарьсүрэн

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин