"4-11" хэвлэлийн хурал боллоо. Хэвлэлийн хуралд АН-ын гишүүн, эдийн засагч Ч.Отгочулуу, АН-ын гишүүн, хуульч Ч.Өнөрбаяр нар оролцов.

Энэ үеэр Ч.Өнөрбаяр: "Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнын эдийн засгийн чуулганд оролцоод Эгийн голын усан цахилгаан станцыг хөдөлгөх асуудлаар амжилттай яриа хэлцэл хийсэн. Энэ бол сайн зүйл. 1921 оноос манай улс нам, төрийг хослуулсан. Энэ нь ямар их гамшиг дагуулсныг бид мэднэ. Гэтэл өнөөдөр МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга нь ЗГХЭГ-ийн дарга болчихлоо. Энэ бол буцаад 1990 оноос өмнөх нам, төр нэг байдаг тогтолцоо руу Монгол улс явах гэж байгааг харуулж байна. Ингэж болохгүй ээ. Д.Амарбаясгалан та ажлаа өгөх хэрэгтэй. Танай намд мэдээж өөр өөр Ерөнхий Нарийн Бичгийн Дарга хийгээд явчих хүн байгаа байлгүй дээ.

 

Энэ хүн сайд болоод нэг ноцтой үг хэлсэн. УИХ-ын 2024 оны сонгуульд намаа ялуулахын тулд гэж. Монгол улсын асуудлыг шийдэхийн тулд ЗГХЭГ-ийн дарга ажиллах ёстой болохоос биш намаа ялуулна гэдэг ийм хариуцлаггүй зүйл ярьж болохгүй. Энэ хоёр албан тушаал нэг дор байна гэдэг бол нам, төр ялгарахаа байсныг харуулж байна.

 

Өөрөөр хэлбэл төсвийн мөнгийг 2024 онд УИХ-ын сонгуульд ялахын тулд дайчлах гэж байна. Энэ бол аюул, ийм зарчимгүй зүйл байж болохгүй. Энэ бол буруу жишиг.  Мөн эрх баригчид Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд Үндсэн Хуулийн Цэцийг ашиглаж, маш буруу жишиг тогтоосон. Үндсэн хуулийн цэцийн 9 гишүүн Үндсэн хуулиараа тоглож, хууль тогтоогчийн ажил хийсэн. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх хэрэгтэй гэдэг тогтоолыг гаргасан. Үүнийх нь дагуу УИХ Үндсэн хуулиа өөрчлөх гэж байгаа юм шиг байна лээ. Гэхдээ үүний тулд МАН-ынханд кноп хэрэгтэй байгаа учраас УИХ дахь АН-ын бүлгээр тоглож, өөрийн тоглоомын бүлэг, халаасны бүлэг болгосон. Манайхаан, энэ заваан юм руу нь гүйж орох хэрэггүй. Сайд хийж үзээгүй байгаа биш. Боомт хариуцсан сайд болоод яах юм? боомтын асуудал нь шийдэгдэхгүй АН-ын хаягтай нэг сайд гараад тайлбар хийдэг л болно шд. Эрүүл мэнд, "Ковид"-той холбоотой маш олон бүтэхгүй юм гарч ирнэ. Энэ бүгдийг Эрүүл Мэндийн сайд нэртэй АН-д байгаа ч юм уу? байгаагүй ч юм уу? нөхөр ярьдаг болно шд. Ийм юм руу явж орж болохгүй. Сайд болохгүй бол өлсөж үхэх гээд байна уу?

 

Улс төрийн үйл явцыг харахад энэ үнийн өсөлтийг шийдэх талаар эрх баригчид юм хийхгүй юм шиг байна. Иргэдийн амьжиргаа хавар гэхэд туйлдаа хүрэх байх" гэв.