Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Умард Солонгосын удирдагч Ким Жон Уныг Монголд айлчлахыг урьсан талаар Өмнөд Солонгосын Yonhap  агентлаг есдүгээр сарын 11-ний өдөр мэдээлжээ.

Есдүгээр сарын 9-ний өдөр тохиодог Умард Солонгосын Бүгд найрамдах улс байгуулагдсаны 74 жилийн ойн өдөр мэндчилгээ дэвшүүлэхдээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголд урьсан тухай тус агентлаг мэдээлсэн байна. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Хоёр орны харилцааг хөгжүүлэх, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэхэд  өндөр түвшний айлчлалууд чухал ач холбогдолтой. Айлчлал хийх таатай боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна" гэжээ. Түүнчлэн "Хоёр улсын иргэд эртний ах дүүгийн найрамдалт харилцаатай бөгөөд түүхийн бэрх цаг үед манай хоёр улс бие биеэ дэмжиж ирсэн сайхан уламжлалтай" гэжээ.

“Монголын ард түмний дотны анд, агуу удирдагч, ноён Ким Ир Сен хоёр орны орчин үеийн харилцааны бат бөх суурийг тавьсан” хэмээгээд "Бид хоёр орны харилцааг тууштай хөгжүүлэх үүрэгтэй" гэсэн байна. Мөн "Цаашид хоёр орны ард түмний хүсэл эрмэлзэл, нийтлэг ашиг сонирхолд нийцүүлэн, бүс нутгийн энх тайван байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө улам бэхжиж, хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Монгол болон БНАСАУ 1948 оны аравдугаар сард дипломат харилцаа тогтоосноос хойш социалист эв санааны нэгдэлд суурилсан найрсаг хамтын ажиллагааны харилцааг хадгалсаар ирсэн гэж бичсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 онд БНАСАУ-д айлчлахдаа тус улсын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Намтай албан ёсны хэлэлцээ хийж байсан ч Ким Жон Унтай уулзаж байгаагүй аж. 

Энэхүү мэдээллийн дагуу бид Ерөнхийлөгчийн Тамгын газраас тодруулахад, "Солонгосын удирдагч Ким Жон Уныг Монголд айлчлахыг уриагүй, энэ тухай асуудал ч яригдаагүй. Ташаа мэдээлэл" гэв.