Монгол Улсад Монгол, Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургууль шинээр байгуулахаар болсон.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д айлчлахдаа энэ асуудлыг эрчимжүүлэхээр болж байв. Мөн хоёр улсын хамтарсан Засгийн газрын 23 дугаар хуралдаанаар Улаанбаатар хотод хамтарсан сургууль байгуулах ажлыг шуурхайлахаар тогтсон. 

Энэ дагуу ОХУ-ын Гэгээрлийн яамнаас томилогдсон ажлын хэсэг манай улсад өнгөрсөн сард ирж, ажилласан юм.

Хоёр улсын хамтарсан ерөнхий боловсролын сургуулийг байгуулах ажлыг Сонгинохайрхан дүүргээс эхлүүлэхээр талууд тохиролцоод байгаа. Цаашид орос хэлний сургалттай хамтарсан сургуулийг нийслэлийн бусад дүүрэг болон орон нутагт байгуулах саналтай байгаагаа Монголын талаас дээрх уулзалтын үеэр илэрхийлжээ.

Түүнчлэн Боловсрол, Шинжлэх Ухааны дэд сайд Г.Ганбаяр хамтарсан сургууль байгуулахад салбар яамны зүгээс бүхий л талаар хамтарч ажиллахад бэлэн байгаа тухай болон орос хэлний багш нарын мэргэжлийн чадавхыг дээшлүүлэх чиглэлд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа хэлсэн байна.

Харин ОХУ-ын талыг төлөөлж буй Парфенов Арсений Андреевич “Монголын талын дэвшүүлж буй саналыг судалж, хамтран ажиллах болно” гэжээ. 

Уг ажил ямар шатандаа байгааг БШУЯ-наас тодруулахад "Хоёр талын дараагийн хуралдаанаар тодорхой шийдлүүд гарах байх. Одоогоор хуралдааны тов гараагүй" гэлээ.