Монголын рок попийн ертөнцөд өвөрмөц өнгө төрхтэйгөөр гарч ирсэн охидын хамтлаг бол яах аргагүй "Киви". Тэд залуусын сонсох дуртай дууны уран бүтээлийг туурвисаар өдгөө 10 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд  стиль имиж, уянгалаг хоолойгоороо залуусыг байлдан дагуулдаг  "Киви" хамтлагийг тарлаа хэмээх мэдээлэл олон ч удаа цацагдаж байлаа. Харин "Киви" хамтлаг тараагүй гэдгээ батлан хамгийн сүүлд л гэхэд 10 жилийн ойгоо угтаж хос цомгийг үзэгч сонсогчиддоо өргөн барисан юм. “Кiwi Greatest hits” цомогтоо үе үеийн уран бүтээлүүдээсээ сор болсон бүтээлээ эмхэтгэж оруулсан бол “Киви new album 2014” цомогт 14 дуу багтсан билээ. Тэдний “Киви new album 2014” цомогт багтсан ихэнх дуу клиптэй болсон бөгөөд хамгийн сүүлд л гэхэд            “Хажууд минь бай’’ дууны клип цацагдаад байсан юм. Харин өнөөдөрөөс Киви хамтлагийн цоо шинэхэн уран бүтээл “Намрын бороонд би гомдсон”  дууны клип цацагдаж эхэллээ. Энэхүү дуу нь тэдний ээлжит уянгын сайхан уран бүтээл болон мэндэлж байгаа бөгөөд дууны үг, аяыг Оки бичиж клипийг “Wanted" студи бүтээжээ.