ОУВС Монгол Улсын эдийн засгийн 2022 оны өсөлтийг 2.5 хувь байна гэж төсөөлжээ. Энэ нь өмнөх төсөөллөө 1.5 хувиар нэмэгдүүлсэн үзүүлэлт юм. Харин ирэх оны төсөвт хэд хэдэн чиглэлд анхаарах нь зүйтэй хэмээсэн нь анхаарал татаж байна.

Тухайлбал, төсвийн алдагдлыг бууруулах нэн шаардлагатай бөгөөд тэгэхгүй бол төв банк бодлогын хүүг дахин нэмэх хэрэгтэй болно. Хэрэв тэгвэл энгийн иргэн, ААН-үүд банкан дахь зээл, зээлийн хүүгээ төлөх чадамжгүй болно. Иймд төсвийн шинжтэй үйл ажиллагаануудыг зогсоох шаардлагатай гэж зөвлөжээ.

Жишээлбэл энэ оныг дуусгаад ипотекийн зээл олголтыг зогсоох саналыг дэмжинэ гэдгээ мэдэгдсэн байна.

Ипотекийн зээлийн статистикаас харвал, зээлийн хөтөлбөрийн хүрээнд 10 мянга гаруй иргэнд олгосон зээлийн үлдэгдэл 880 тэрбум төгрөгт хүрээд буй аж.

ОУВС-гаас эдгээр 5 саналыг боловсруулж, төр засагт хүргүүлжээ. Үүнд,

1. Ипотекийн зээлийг энэ оны эцсээр дуусгавар болгон зогсоох. Валютын нөөцөө хэмнэхийн тулд энэ арга хэмжээг авахаас өөр аргагүй.

2. Монгол Улсын боломжийн орлоготой хүмүүс өндөр татвар төлөх хэрэгтэй. Энэ нь валютын нөөцөд нэмэр болно.

3. Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт шилжүүлэх зайлшгүй шаардлагатай. Хавтгайруулан олгож байгаа Хүүхдийн мөнгө чинээлэг бүлэгт илүү өгөөжтэй болж, эмзэг бүлэгт хүрэхгүй байна.

4. Ядуу, эмзэг бүлэгт дэмжлэгийг чиглүүлэх хэрэгтэй. Өндөр орлоготой бүлэг өөрсдийн хуримтлалаар хүнд байдлыг даван гарах боломжтой. Чинээлэг бүлэг дэмжлэг авахгүй байх нөхцөлийг Засгийн газар бүрдүүлэх хэрэгтэй.

5. Улсын төсвийн болон төрийн өмчит компаниудын хөрөнгө оруулалтыг УИХ эргэн харж, эрэмбэлэн, олон нийтэд ил тод болгох хэрэгтэй. Онцын шаардлагагүй төслүүдийг хойшлуулж, бүр зогсоох шаардлагатай байна... гэжээ.