Манай улсын зургаан иргэнд санаатайгаар ХДХВ/ДОХ халдаасан гаднын иргэнд шүүхээс ял оноосон тухай мэдээлэл хэд хоногийн өмнө хэвлэлүүдээр цацагдсан. 

Үүнтэй холбоотойгоор ОХУ-аас манай улсад ирсэн иргэдийн дунд ХДХВ/ДОХ тараасан тохиолдол гарч байгаа зэрэг мэдээллийг зарим иргэн олон нийтийн сүлжээнд бичиж байна.

"Он гарсаар ХДХВ/ДОХ-ын 14 тохиолдол илэрч, 1992 оноос хойш манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 341 болсон"

Иймд ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын Тандалт судалгааны албаны дарга Ж.Даваалхамаас энэ талаар тодрууллаа.

Тэрбээр "Олон нийтийн сүлжээгээр ОХУ-ын иргэн 12 эмэгтэйд ХДХВ/ДОХ халдаасан гэх мэдээлэл нь худал. Тийм зүйл байхгүй.

ХДХВ-ийн халдвар бол өнөөдөр аваад маргааш илэрдэг өвчин огтхон ч биш бөгөөд нууц үеийн хугацаа тухайн хүнийхээ биеийн байдал, халдвар дамжсан замаас шалтгаалж өөр өөр байдаг. Тийм учраас 3-6 сарын дараа шинжилгээ авч, баталгаажуулдаг.

Монгол Улсад он гарсаар ХДХВ/ДОХ-ын 14 тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд есдүгээр сард нэг тохиолдол шинээр илэрсэн байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд тус өвчний нийт 341 тохиолдол бүртгэгдээд байгаа. Энэ нь 1992 оноос хойш буюу анх манай улсад ХДХВ/ДОХ бүртгэгдсэнээс хойш халдвартай гэж оношлогдсон бүх тохиолдлын тоо.

Дээрх тохиолдлоос 57 нь нас барсан бол бусад нь ХӨСҮТ-д хяналтад ороод, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ эмчилгээнд хамрагдаад явж байгаа. Нийт тохиолдлын анх оношлогдсон насаар нь авч үзвэл дийлэнх хувийг нь 25-39 насныхан эзэлдэг төдийгүй 82 хувь нь эрчүүд байна.

Ер нь ХДХВ/ДОХ-ын халдварыг бусдад санаатайгаар халдаасан тохиолдолд Эрүүгийн хуулийн дагуу тав хүртэлх жилийн хорих ялаар шийтгэдэг. Яг энэ заалтаар ял сонссон ч хүн байдаг" гэсэн мэдээлэл өглөө.

Мөн ОХУ-д ХДХВ-ийн халдвартай 1,500,000 гаруй хүн амьдарч байгаа гэсэн статистик судалгаа байдаг аж. Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар тухайн жилдээ бүртгэгдсэн шинэ тохиолдлын тоогоор авч үзвэл тус улсад 100,000 хүн ам дотор 58 орчим тохиолдол бүртгэгдсэн байна.

Энэ дундаа Эрхүү муж болон ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад халдварын тархалт харьцангуй өндөр түвшинд ордог гэдгийг хэллээ