Ардчилсан Нам, Монголын Үндэсний Ардчилсан Нам нэгдэн хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Ардчилсан Намын дарга С.Эрдэнэ "Нэг үзэл санаа, үнэт зүйлтэй хоёр нам нэгдэж байна. Тодорхой түүхийн хугацаанд тус тусдаа улс төрийн үйл ажиллагаагаа явуулж байсан. Гэвч өнөөгийн нийгэмд үүсээд буй нөхцөл байдалд үнэлэлт өгч, цаашид ардчилсан хүчнүүд нэгдэж, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд хүчтэй нөлөө үзүүлэх, үүсээд буй хүндрэлтэй байдлыг амжилттай давах, дараагийн бүх шатны сонгуульд амжилттай оролцох зэргийг ярилцаж, санал нэгдсэний үндсэн дээр өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байна.

Цаашид улам хүчирхэг намыг байгуулж, нийгэмд үзүүлэх ардчиллын үр нөлөөг дээшлүүлэх, эрх баригчдын явуулж буй бусармаг үйл ажиллагаанд хяналт тавих, тэдэнтэй тооцох хариуцлагыг чангатгахад анхаарч ажиллана" гэлээ. 

Ардчилсан чиг баримжаатай хүн бүрийг бидний санаачилгад нэгдэхийг уриалж байна

Монголын Үндэсний Ардчилсан Намын дарга Б.Цогтгэрэл "Монголын нийгэмд хүний эрх зөрчигдөх, иргэний нийгмийн доройтол, шударга ёс алдагдах гэх мэт олон ухралттай зүйл болж байна. Энэ цаг үед гадаад, дотоод нөхцөлөө дүгнэн байж, цаашид нэг үзэлтэй намууд нэгдэж байж ардчиллыг шинэ түвшинд гаргана гэдэгт байр суурь нэгдсэн. Ардчилсан Нам бол монголын ардчиллын түүчээ, гол суурь багана. Харин Монголын Үндэсний Ардчилсан Нам олон жилийн хугацаанд ардчилсан үзлийг үндэсний үзлээрээ баяжуулан байж, хөрсөнд суурьшиж болох ардчиллыг бүрдүүлэхийн төлөө хичээж ирсэн.

Бид өнөөдөр түүхэн чухал баримт бичигт гарын үсэг зурлаа. Ардчилсан чиг баримжаатай хүн бүр бидний энэхүү санаачилгад нэгдэж ажиллахыг уриалж байна" гэв.