УИХ-ын чуулган хуралдаж байна. Өнөөдөр /2022.10.07/-ийн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир хүүхдийн мөнгийг амьжиргааны түвшин харгалзаж олгохдоо тооцоолол хийхийг тодруулан асуулаа.

Тодруулан хэлэх юм бол, сарын орлого нь 3.5 саяас дээш өрхийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгохгүй байх чиглэлийг төсөвт тусгаад буй билээ.

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан "Нийгмийн халамжийн тухай" хуульд хүүхдийн мөнгө орно. Өөрөөр хэлбэл, халамжийн бодлогын хүрээнд, халамж юмаа гэх утгаараа орж байгаа. Тэгэхээр хүүхдийн мөнгийг цаашид зорилтот бүлэг рүү чиглүүлэх бодлого баримтална гэсэн үг. Ковидын хүнд үед хүүхдийн мөнгө өрхийн орлогыг дэмжих маш том зорилгоо биелүүлсэн.

Статистикийн үндэсний хорооноос гаргасан гаргасан тоон мэдээллийг та бүхэн харж байгаа байх. Улаанбаатар хотод өрхийн дундаж орлого 1.9 сая, орон нутагт 1.5 сая байна. Дундажлах юм бол 1 сая 750 мянга. Үүнийгээ бид өндөр орлоготой хэсэг рүү нь дөхүүлэхийн тулд хоёр дахин өсгөсөн. Ингэхэд 3.5-аас 3.7 сая болж байгаа юм. Ийм орлоготой өрх 9 хувь. Иймд бид үлдсэн 91 хувьд нь хүүхдийн мөнгө олгохоор төсөвлөөд байна. Ирэх оны нэгдүгээр сарын 1 хүртэл өрхийн орлого тооцдог систем, төрийн сангийн мэдээллээ сайжруулна. Өнөө, маргаашгүй Засгийн газар дээр энэ ажлын хэсэг байгуулагдана" хэмээн хариуллаа.