Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны хойд талын замд "Ланд-200" маркийн автомашины жолооч эсрэг урсгалаас орж ирж, долоон автомашиныг мөргөж, 12 настай хүүхдийг гэмтээсэн зам тээврийн осол энэ сарын 10-нд гарсан.

"Ланд-200" маркийн машинд мөргүүлж, ханатай нидрүүлсэн 12 настай хоёр охинд шинжээч томилон гэмтлийн зэргийг нарийн тогтоохоор ажиллаж буй  талаар ТЦА-наас хэлж, дараах мэдээллийг өглөө.

“Мөрдөн байцаалтын ажиллагаагаар тухайн үед 29 настай эмэгтэй М гэгч нь машиныг жолоодож явсан нь тогтоогдсон. Түүний найз залуу гэх Б нь жолоо бариагүй нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.

Мөн М гэгч эмэгтэйн аав нь цагдаагийн нөлөө бүхий хүн гэх мэдээлэл цацагдсан. Тийм зүйл байхгүй. М-ийн овог нь манай Дотоод цэргийн ангийн дарга Р.Чингистэй ижил учраас буруу ташаа мэдээлэл цацагдаад байна. Тогтоогдож буй байдлаар аав нь төрийн болон улсын байгууллагад янз бүрийн албан тушаал эрхэлдэггүй байсан нь тогтоогдоод байна.

Зам дагуу алхаж байсан хоёр охины тухайд шүүх шинжээч томилсон. Нэг хүүхэд нь эмнэлгийн тусламж авч, эмчилгээ хийлгэж байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт урьдчилсан байдлаар гарсан. Албан ёсны дүгнэлтийг аваагүй байна. Гэхдээ дахин шинжээч томилох асуудлыг прокурорын байгууллагад тавьсан байгаа" гэв.