2018 оны арванхоёрдугаар, 2019 оны нэгдүгээр сард УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболдыг 60 тэрбумын хэрэгт холбогдсон хэмээн огцрохыг шаардаж МАНАН бүлэглэлийн эсрэг жагсаалыг төв талбайд иргэд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хоёр удаа зохион байгуулж, түүнийг өрөөнөөс нь чирч гаргана хэмээн Төрийн ордон руу орж байв.

Энэ үеэр буюу 2019 онд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийх үеэрээ "Иргэдийнхээ итгэлийг албан тушаалаар наймаалцахгүй. Миний хувьд ямар ч албан тушаалд очихгүй, тэр байтугай Байнгын хорооны ч дарга болохгүй" хэмээн мэдэгдэж байсан юм.

Тэгвэл ийнхүү жагсаал хийн тэмцэж явсан гишүүдийн гурав нь сайд, нэг нь Элчин сайд болсон бол нэг нь цагдан хорих ангид нэг сарын хугацаатай саатуулагдаж байна. Тодруулбал

  1. Л.Оюун-Эрдэнэ - Ерөнхий сайд, МАН-ын дарга
  2. Х.Нямбаатар - Хууль зүй, дотоод хэргийн сайд
  3. Л.Болд - Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд болсон.

Т.Аюурсайхан гишүүн Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд боллоо. 

Харин Ж.Батзандан Австрали улсад суух элчин зөвлөхөөр ажиллаж байгаад энэ оны дөрөвдүгээр сард эх орондоо ирээд байсан юм. Түүнийг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар АТГ шалгаж, урьдчилан хорих ангид нэг сарын хугацаатай саатуулагдаад байна. Түүний төрсөн ах Ж.Бат-Эрдэнэ 2020 оны долдугаар сард буюу УИХ-ын сонгуулийн дараа Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар томилогдож байв. Гэвч түүнийг дэд сайдаар ажиллаж байхдаа Дарханы замын тендерт бусдад давуу байдал олгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэргээр мөн шалгаж, сарын хугацаатай цагдан хориод байна.