Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан тангараг өргөснийхөө дараа ямар зарчим баримталж ажиллах талаараа мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Салбарын нөхцөл байдал, иргэдийн амьдрал хүнд байна. Үнийн өсөлт их байгаа. Эдгээр асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцдаг. 3.5 сая иргэний амьдралын асуудал байдаг. Тиймээс надад энэ салбарыг хариуцуулж, Ерөнхий сайдын зүгээс тухайн ажлыг санал болгоод процесс нь эхлээд явж байна.

Төсвийн төсөлд иргэд санал их өгсөн. Иймээс хэлэлцүүлгийн үеэр эцэг, эхчүүдийн саналыг хүлээж авна. Нийгмийн даатгалын багц хууль хүлээгдэж байгаа. Томоохон реформ хийхгүй бол нийгмийн даатгалын санд улс төрийн үзэмжээр болон салбаруудыг дагаад тусдаа өөрчлөлт хийгдэж байдаг. Тус сангийн төсөв байнгын алдагдалтай. Энэ асуудал дээр томоохон өөрчлөлт хийж, тус санг цаашид ил тод, шударга ёсны зарчимд нийцсэн, иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг зохих ёсоор шийдсэн реформын шинэчлэл хийнэ" гэсэн юм. 

Харин шинэ сайд халамжийн тухайд "Зайлшгүй халамж авах шаардлагатай хүмүүс бий. Халамж хавтгайрсан гэдэг асуудалтай санал нэг байдаг. Засгийн газраас халамжаас хөдөлмөрт гэдэг чиглэлийг барьж байгаа учир яаман дээр хэрэгжүүлэх гол ажил болж байна.

Ажлын байр, өрхийн орлогыг дэмжих чиглэлээр ажиллана

Нийгмийн халамж бусад орнуудад дотоодын нийт бүтээгдэхүүний 1-2 хувь байдаг бол манай улсад долоо орчим хувийг эзэлж байгаа нь том тоо. Тиймээс халамжийг зайлшгүй авах шаардлагатай хүмүүст өгч, ажлын байр, өрхийн орлогыг дэмжих чиглэлээр ажиллана.

900 гаруй мянган иргэн ядуурлын түвшинд амьдарч байна гэдэг бол сэтгэл эмзэглүүлэм том тоо. Тиймээс ядуурлыг огцом бууруулахад анхаарч, бодит үр дүн гаргаж ажиллана" хэмээн онцлов. 

МАНАН-гийн эсрэг тэмцэж явсан таван гишүүний дөрөв нь сайд болсон талаар мэдээлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор "Энэ бол шагнал биш. Ачаалалтай хүнд хэцүү ажлыг хариуцаж ажиллах үүрэг даалгавар авч байна" гэдгийг Т.Аюурсайхан хэллээ.