УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр (2022.10.20) Сангийн сайд Б.Жавхлантай холбоотой ноцтой зүйлүүд ярьсан. Үүнтэй холбогдуулан уг асуудлаар Сангийн сайдаас тодруулав.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Хэд хэд хэдэн аж ахуй нэгжийг дурдсан байсан. Би Дархан хотод төрж өссөн. Үүнтэй хамааруулж, намайг чиглүүлэхгүй л юм бол "Дархан минж" гэхэд надтай надгүй, урдаа барьдаг, нүүр нь болж явдаг компани. Миний оролцоогүйгээр 20 гаран жил унаж, босоод банкнаас зээл аваад төлөөд явдаг аж ахуй нэгж байна билээ. Хөгжлийн банкнаас зээл авсанд би ямар ч оролцоо байхгүй. Тэгж ярих юм бол Ц.Даваасүрэн гишүүн өөрөө тухайн үед Бондын зөвлөлийн гишүүн байсан. Анхны бондын эх үүсвэрээс олгогдож байсан зээлүүд Бондын зөвлөлийн шийдвэрээр орж, гарч байсан.

"Ган хүдэр" компани мөн л хүдрийн анхан шатны боловсруулалт хийдэг Дарханы үйлдвэрүүдийн нэг. Хөгжлийн банкнаас зээл авсан юм байна. Зээл авахад нь би гишүүний болон сайдын хувиар оролцоогүй гэдгээ албан ёсоор хэлье. 

“Мон Дулаан” гэж компанитай мөн холбосон. Би тэр компанитай ямар юмных нь холбоо байх вэ дээ. Өндөр хариуцлагатай албан тушаал хашиж байгаа энэ үед би шалгуулахад бэлэн байна. Хуулийн байгууллагад хандаад шалгуулахад нээлттэй асуудал. Дуудаж ч шалгана, дуудахгүй ч шалгана.

900 тэрбум төгрөгийн зээл авсан гээд “Жэт финанс” байгууллагатай бас холбож ярьж байна. Жаахан баримжаатай дайруулах хэрэгтэй. Өөрөө санхүүгийн мэргэжилтэй хүн эрх биш энэ дүнгээ ойлгож байгаа байх гэж бодож байна.

“Бичил санхүүгийн хөгжлийн сан” нь төслийн бүтэц, Монголбанкны эх үүсвэр огт биш. Тухайн үед эргэлтийн хөрөнгө нь 10 тэрбум орчим төгрөг байж. Нийт эргэлтийн хөрөнгө нь ийм байгууллагаас яаж 900 тэрбум төгрөгийн зээл гарах вэ? Гурван удаа ийм дүнгээр зээл авсан гэхээр 2.7 их наяд төгрөг болох нь. Нэг зээлдэгчид 500 сая хүртэлх төгрөг зээлдэг байж. “Жэт финанс”-д манай дүү оролцоотой байсан нь үнэн. 2020 оны сонгуулийн өмнөхөн би дүүдээ "Ах нь улс төрд явж байгаа учраас ийм байдлаар бизнес хийгээд дэмий" гэсэн шаардлага тавиад болиулсан.

Зээлийн түүх нь бол 2012, 2014 онд тус бүр 260 сая, 2015 онд 400 сая төгрөгийн зээл аваад тухайн үед нь ямар нэгэн зөрчилгүйгээр төлсөн байгаа юм. Хамгийн сүүлийнхийг нь 2018 онд төлөөд дуусгасан зээлийн түүхтэй юм билээ. Яагаад 900 тэрбум төгрөгийн зээл авсан гэх дүн гаргаж ирснийг гайхаж байна.

Чингис хаан банканд байршуулсан гэх мөнгийг мөн судалж үзлээ. Энэ бол өнгөрсөн 4 жилд болсон үйл явдал юм байна. 2016 онд нэр дэвштэлээ би 20 жил банк санхүүгийн салбарт мэргэжлээрээ тогтвортой ажилласан. Энэ салбарт 30-40 жил ажиллаж байгаа банк санхүүгийн хүмүүс намайг танина, би ч танина. Ойр дотно холбоотой найз нөхөд олон байгаа. Тэр болгонтой холбовол дуусахгүй. Чингис хаан банкийг яагаад надтай холбон яриад байдаг юм. Тэнд миний таньж мэддэг хөрөнгө оруулагч болоод ажиллаад явж байгаа хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Тэглээ гээд шууд хамаарал байгаад, албан тушаалаа ашиглаж нөлөөлсөн зүйл огт байхгүй.

Хүний сурч байсан сургууль, хамт олноор нь хоморголон нөгөө хүмүүсийг нь хэлмэгдүүлж болохгүй. Индианагийн их сургуульд сурсан, төгссөн олон арван амжилттай ажиллаж байгаа залуучууд, мэргэжилтнүүд, гэр бүл байгаа. Эдгээр хүмүүсийн нэр хүндэд ч халдаж байгаа ёс зүйгүй байдал байж болохгүй.

Тэр н.Мөнхбаяр гэж залуу бол ажиллаж байсан нь үнэн. Одоо Хөгжлийн банк тойрсон асуудалд шалгагдаж байгаа олон хүн дотор орчихсон, хуулийн байгууллагад шалгагдаад явж байгаа асуудал байна. Үүнийг хуулийн байгууллага нь шалгаад, үнэн мөнийг гаргаж ирээд явах байх гэж бодож байна гэлээ.