Монголын эстрадын урлагийг анхны дуучдын нэг, “Баян Монгол” чуулгын ууган дуучин, MУСТА Л.Оюунчимэгийн нэрэмжит “Үртэй хүн жаргалтай” Олон Улсын рок, поп дуучдын анхдугаар уралдаан Улсын филармоний танхимд болж өнгөрлөө.

Монголын эстрадын урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан дуучин Л.Оюунчимэгийн дуулж ард түмний хүртэл болж, өдгөө ч бидний дуулсаар ирсэн уран бүтээлүүдээс дуулан өрсөлдсөн энэ удаагийн уралдаанд  хот, хөдөөгийн театруудын дуучид, дуулаачийн ангийн оюутнууд, дуулах сонирхолтой олон авъяаслаг оролцогчид оролцож, өөрсдийн хэв маяг, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс гадна, гадны уран бүтээлчид ч оролцож ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Энэ удаагийн уралдааны ерөнхий шүүгчээр МУСГЗ, ОХ-ны Буриад Улсын УГЗ Д.Ухнаа, шүүгчээр МУСГЗ, “Баян Монгол” чуулгын удирдаач, хөгжмийн зохиолч Б.Ганбат, МУГЖ, дуучин Ч.Уранчимэг нар тус тус ажиллаа.

Хоёр үе шаттай явагдсан уралдааны  нэгдүгээр шатанд 70 орчим оролцогчид өрсөлдсөнөөс хоёрдугаар шатанд 16 дуучин шалгаран үлдэж, өөрсдийнхөө авъяас чадварыг гайхуулсан аялгуу сайхан дуунуудаар ширүүн өрсөлдөж, уралдааны эцсийн дүн гарахад Тэргүүн байрыг дуучин Э.Хосбаяр /Өргөмжлөл, 1 сая төгрөг/, Дэд байрыг дуучин Б.Мягмарсүрэн /Өргөмжлөл, 700 000 төгрөг/, Гуравдугаар байрыг дуучин Э.Сүнгэрэл /Өргөмжлөл, 400,000 төгрөг/ нар хүртлээ.

Оюунчимэгийн дууг хэн сайн дуулах вэ уралдааны тусгай төрөлд дуучин Х.Цэнд-Аюуш, Ц.Эрдэнэхүү нар шалгарсан бол Хамтран ажиллагч Төрийн банкны нэрэмжит шагналын эзнээр дуучин С.Бадамханд тодорчээ.

Тус уралдааныг авъяаслаг дуучин Л.Оюунчимэгийн төрсөн нутаг болох Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Нутгийн зөвлөл, Оюутан залуучуудын нэгдсэн холбоо, түүний үр хүүхдүүд, төрөл төрөгсөд санаачлан зохион байгуулсан бөгөөд энэхүү уралдаанд Төрийн банк, Улсын филармонийн “Баян Монгол” жааз оркестр, “Юм Агай” сан зэрэг байгууллагууд хамтран ажилласан байна. Төрийн банкны хувьд МУСТА, “Баян Монгол” чуулгын дуучин Л.Оюунчимэгийн анхны цомог болох “Цэцэгт нугын эрвээхэй” цомог дээр хамтран ажиллаж, сонсогч олонд хүргэсэн аж.