Эрх баригч МАН-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг шаардах зорилгоор УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хурлын үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: "МАН иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг хоёр дахин бууруулна гэсэн ч эрх баригчдын өөрсдийнх нь судалгаагаар ядуурал Монголд 91 хувь хүрсэн байна гэв. Үүнийгээ хүүхдийн мөнгийг халамж, тэтгэмж гэж үзвэл хүүхдийн мөнгө авдаг ард иргэд бүгд ядуусын тоонд орно. Халамж, тэтгэмжийг чинь ядуу, орлого багатай иргэддээ өгдөг.

 

Эрх баригчдын сүүлийн тооцоогоор бол хүн амын 91 хувь нь ядуурсан гэж ойлгож байна хэмээн тайлбарлав. МАН АН-ын тавьсан өрийг төлнө гэж сонгуульд ялсан ч өрийг жинхэнэ утгаар нь төлөхгүй байна. Дахин зээл авч, өрийг өрөөр төлж байна. Сүүлдээ зээлжих зэрэглэл буурч өрийг өрөөр ч дарж чадахгүй байдалд хүрсэн.

 

Бонд гаргалаа гэхэд 30 хувийн өгөөж амлахгүй л бол хэн ч авахгүй байдалд хүрсэн. Арван сая богийн арьс боловсруулдаг Арьс ширний үйлдвэртэй болно гэсэн ч үйлдвэрийн шав тавьж хүрз хатгасан газар алга, зээлийн хүүг бууруулж сарын 1 болгоно гэсэн ч зээлийн хүү буух нь бүү хэл зээл ч олгохоо больсон гэх мэтээр МАН-ын ам, ажлын зөрүү алд дэлэм байна гэж эрх баригчдыг шүүмжлэв. Мөн УИХ-ын гишүүн Н.Ганибал:  "Улаан буудайнд урамшуулал олгож байна. Бүх гурилын үйлдвэрүүдэд зээлийн хөнгөлөлт өгч байна гэтэл яагаад гурилын үнэ буурахгүй байна вэ? хэмээн гурилын үнийн асуудлыг хөндөв. 

 

Харин УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: 

"Ажлын байр 2000 оныхоос доош орсон байна. Өнөөдрийн алдагдалтай төсвөөр гадаад өрөө төлж чадахгүй дефолт зарлах болно. 2023 оны төсөв асар их тэлсэн төсөв болсон. Энэ нь инфляц өсгөж ханш унагана. Ирэх оны эдийн засгийг хэтэрхий өөдрөгөөр төсөөлж ард түмнийг хуурч байна гэж "хошуу нэмлээ."