УИХ-ын чуулганы өнөөдрийн/11.04/ хуралдаан эхэлж, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Хөгжлийн банкны 33 тэрбумын зээл надад ямар ч холбоогүй, зээлдэгч нартай би холбоо байгаагүй. Зээл авсан компаниуд нь зээлээ төлсөн. Өөрийн хүслээр би хуулийн байгууллагаар шалгуулъя гээд мэдэгдэл хийсэн. Шалгуулж байна. Үнэн зөв нь удахгүй тодорхой болно. Хөгжлийн банкны чанартай зээлүүд төлөгдөөд дуусчихлаа. Үлдэгдэл нь төрийн өмчит компаниудтай холбогдож байна. Тэр дундаа эрчим хүчтэй холбоотой чанаргүй зээл эзэлж байна. Даваасүрэн гишүүний дайраад байгаа асуудал нь Засгийн газар баталгаа гаргах асуудлыг нь яриад үүний эсрэг баталгаа гарсан гишүүд рүү дайраад байгаа юм байна. Ц.Даваасүрэн гишүүн над руу дайраад байгаа нь зохисгүй.  Ганцаарчилсан бусад руу дайрсан улс төр үеэ өнгөрөөсөн шүү" гэлээ. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өчигдөр "Г.Амартүвшин гишүүн хүртэл Хөгжлийн Банкнаас 30 гаруй тэрбум төгрөгийн зээл авсан хэрнээ ичихгүй төрийн баталгаа гаргаж төлнө гээд сууж байна. УИХ-ын гишүүнээс татгалзаж шалгуулна гэсэн чинь яасан юм бэ.  Шалгуулаарай. УИХ-д суух эрх чамд байхгүй. Хөгжлийн Банктай холбоотой асуудлыг хэлэлцэхэд ашиг сонирхлын зөрчилтэй 10 гаруй хүн оролцох эрхгүй. Иймэрхүү хүмүүс УИХ-д орж ирээд сууж байна. Улстөрчдийн авсан зээлийг төр баталгаа гаргаж төлөх тухай яриа байж болохгүй" гэсэн юм.