УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Тус намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Улсын төсвийг хэлэлцэж байгаа. Үүнтэй холбоотойгоор төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал, ашигтай ажиллагааны талаар мэдээлэл сонслоо. Дараа нь МАН 2020 онд эдийн засгийн тухайд ямар амлалт өгч байсан, хэрэгжилт нь одоо ямар байгаа талаар мэдээлэл солилцсон. 

МАН нийт 702 амлалт өгснөөс эдийн засаг гэсэн бүлэг нь 100 гаруй амлалттай. Эдгээр мөрийн хөтөлбөрүүд биелэх үгүй талаарх цаад үр дүн харагдаж байна. Өрийн дарамтгүй улс болгоно гэсэн амлалт хаана байна вэ? Газрын тосны үйлдвэр ашиглалтад оруулна гэсэн яасан бэ? 150 мянган ажлын байр бий болгоно гэсэн. Харин энэ ажлын байрыг Солонгосчууд  бий болгож байх шиг байна. Визийн нөхцөлийг хангаж байвал залуучууд гадагшаа дүрвэхийг хүсэж байна. Ажил хийнгээ ядуурдаг тогтолцоо бий боллоо. 

Ирээдүйн өв санд энэ жил орох ёстой 1.5 их наяд төгрөгийг улсын төсвийг нөхөхөд зориулж байгаа. 

Хөдөө аж ахуйтай холбоотой олон амлалт бий. 150 мянган тонн мах экспортолно гэсэн нь хаана байна вэ? Хоёр мянган тонн ч хүрэхгүй мах энэ онд гарсан. Махны үнэ унаж, малчид орлогогүй болсон. Үүний цаана маш олон амлалт байгаа. Бид бүхэн нэхэж ажиллана" гэлээ. 

Төсвийн талаар тэрбээр "Төсвөө алдагдалгүй батлах, заавал хэдэн байшин барьж яах юм бэ гэдэг талаар шаардлага тавьж ажиллаж байна. Хэмнэлтийн нэртэй мөртлөө тэлэлтийн төсөв болж байгаа. Төсөв хууль дээдлэх зарчмаас гадуур батлагдах магадлалтай.

Монгол Улс дефолт зарлах эрсдэлтэй байна гэж ярьж байгаа. Төсвөө хэмнэчихвэл өр төлбөрийн эрсдэлийг бууруулах боломжтой. Төсвөө алдагдалгүй баталбал нэг тэрбум орчим ам.долларын хэмнэлт гарна" гэдгийг хэлсэн юм. 

Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Хөгжлийн Банкны энэ их өр зээлийг бүгдгийг нь АН-ын үе рүү чихэж байна. Сая УИХ нээлттэй сонсгол явуулсан. Энэ сонсголын материалыг Хөгжлийн Банк өөрөө бэлдэж өгсөн. 2012-2016 онд АН тогтвортой нэг удирдлагатай байсан. Харин МАН-ын үед таван жилийн хугацаанд таван дарга солигдсон. Зээл өгсөн хүмүүс нь буруутай. Өрийн дарамтыг бууруулах тал дээр яагаад аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллаагүй вэ?" гэв.