Сансарын туннелийн зүүн хойд талын орос байрны гадаа мөсөн гулгуурын талбай байх. Том, гоё каток. Оросууд тэнд хоккейн тэмцээн хийдэг гэхээр л ямархан том каток байсан нь ойлгомжтой биз ээ. Дал, наяад оны үед  тэр хавийн байруудад нил орос айлууд байсан юм.

Дэргэдэх байрнаас цахилгааны утас татан катокны дээгүүр олон том чийдэн зоосон агаад орой харанхуй болмогц асаахад өдөр мэт гэрэлтэй тул хүүхдүүд үдэш орой болтол шуугилдан тоглоцогоодог байлаа. 

 

Монголчууд ч тэнд байнга гулгаж тоглоно. Ялангуяа тэр хавийн байрны хүүхдүүд. Ийм каток Сансарт хэд хэд байсан юм. Манай сургуулийн гадаахь биеийн тамирын талбайд өвөл бас ус асган хөлдөөж каток болгодог л доо. Гэхдээ яагаад ч юм, нэг л онцгүй жул байх тул хүүхдүүд тэнд тоглох нь үгүй. Монголчууд юм хийж чаддаггүй байсны нэг гэрч тэр байх. 

 

Харин оросуудын каток бол янзтай гоё, бас том. Дядя Ваня гэдэг хижээл насны орос ах тэр катокийг хариуцан мөс цасыг нь байнга цэвэрлэж, шинэ ус асган гялалзтал нь тордоно. Тэр орой нь ёс юм шиг оросуудын хоккейн тэмцээн болно. Түүнийг нь үзэх гэж орос, монгол өчнөөн хүн, хүүхдүүд цуглаад л, өвлийн үдшийн хүйтнийг эс ажран, бөөн уухай, хөгжөөн дэмжээн болцгооно. '

Цэрэг цагаан нэхий дээл өмссөн Ваня ах уурлана гэж ер үгүй. Ус асган хөлдөөж амжаагүй байхад нь хүүхдүүд байж ядан мөсөн дээр гарах гэж зүтгэлцгээхэд “Терпи казак, будешь атаманом!” хэмээн инээмсэглэж зогсдог сон. “Тэвчиж сур, тэгвэл атаман болно” гэсэн үг л дээ. 

 

Нэг орой Ваня ах бидэнтэй зөндөө хөөрөлдөхдөө “Та нар орос хэл сайн сураад сургуулиа төгсч Москва явж суралцах хэрэгтэй. Нэг л мэдэхэд Москвагийн олимп болно. Та нар олимп үзэх азтай хүүхдүүд шүү!” гэхэд нь бид нар их л хөөрч нээрээ л Москва явж суралцах юмсан гэж их л хүсч мөрөөдөж билээ. Тэр үеийн бидний орос хэл гэж ч юу байхав, гэхдээ л хальт мөлт, хазгай муруй ярьж өгнө шүү дээ. 

 

Тэгээд дэргэдэх орцонд орж дулаацаж суухдаа дахиад л баахан буу халцгаав. Орос хэл сайн сураад Москва явж суралцах тухай л баахан мөрөөдөцгаав. Тэгтэл данхар Батаа хэлж байна аа:

-Москва ч гоё л доо. Бүгдээрээ Москвад очиж  сурдаг бол гоё шүү! гэснээ: 

-Тэгэхдээ л Галя багш надад олигтой дүн тавихгүй ээ гэв. Нээрээ, хэд хоногийн өмнө манай орос хэлний багш Галя мань хүнд муу тавьчихсан юм. Данхар Батаа түүнийг санаж хэлсэн нь тэр. 

-Чи даалгаврыг нь хийсэн бол чамд муу тавихгүй л дээ. Орос хэлээр чи мундаг шүү дээ! гэж нэг маань хэлэв. Үнэн л дээ. Батаагийнх Москвад Элчин сууж байсан юм. Аав нь Хөдөө аж ахуйн яамны орлогч сайд байгаад, Москвад Элчинд ажиллахаар явсан. Мань хүн тэнд хэдэн жил орос сургуульд явсан болохоор уг нь оросоор ус цас л даа. Даанч даалгавраа хийлгүй ирж Галя багшийг уурлуулаад муу авчихсан нь тэр. 

 

-Өө, намайг хийсэн ч хийгээгүй ч, муу тавих биз. Би хийх ч үгүй! гэснээ:

-Ер нь тэгээд орос хэл бол хичээл биш юм чинь! гэв. Данхар Батааг тэгж хэлэхэд нь бид “Энэ юу гэчихэв ээ?” гэж өөд өөдөөсөө харснаа бүгдээрээ инээлдэцгээв. 

-Ха ха ха. Юу гэнэ ээ? Орос хэл бол хичээл биш гэнэ ээ? Ха ха ха...

Түүнээс хойш энэ үг бидний амны уншлага боллоо. Нэг өдөр завсарлагаанаар нэг нь өнөөх үгээ хашгирч зогстол ангид багш орж ирснийг мэдсэнгүй. Тэгэх тэгэхдээ бүр хэн гээч! Өнөөх орос хэлний багш. Тийм ээ, Галя багш! Тэр бол Монголд ирж суурьшсан Оросын буриад эмэгтэй билээ. Монгол, орос хольж ярьна.  

-Юу гэнэ ээ, та нар? Юу гэж хашгираад байгаа юм! гэх Галя багшийн дуу хадахад бүгд сая ухаан орж чимээгүй болцгоов. Гэвч хожимджээ. Галя багш хэдийн сонссон байв.  

-Алив, Галаа, чи наад үгээ дахиад хэлээдэх! Юу гэнэ ээ? Гараад ир! Наашаа гараад ир! гэхэд нь би самбарын өмнө очихоос өөр арга байсангүй. Очлоо, зогслоо. 

-За, алив, хэл. Сая хашгирч байснаа дахиад хэлээдэх!...

...

Та нар сонсоогүй гэж бодоо юу? Та нар ийм юм ярьж явдаг юм бий! Агуу их Зөвлөлийн ард түмний хэлийг ингэж үздэг юм бий!... гэснээ:

 

-Үүнийг зүгээр өнгөрөөхгүй! Яасанч зүгээр өнгөрөөж болохгүй! Энэ бол улс төрийн ноцтой алдаа! Энэ бол социализмын эсрэг үзэл суртал! Аюултай төөрөгдөл! Би дээш нь мэдэгдэнэ! гэсээр гарч одлоо. 

Тэгсэн чинь Галя багш үнэхээр сургуулийн захиралд хэлчихэж, дээгүүр бөөн юм болж байгаа сураг дуулдлаа. Манай ангийн охидууд адтай юм болохоороо ангийн багшаас ч юм уу, тэр тухай сонссон байсан. Ангийн багш ч бөөн юм болж манай ангийн бүх сурагчдыг хичээлийн дараа тараалгүй үлдээгээд ёстой нэг тачигнаж гарлаа. 

Эхлээд хэргийн эзэн, хэнгэргийн цохиурыг тогтоох гэсэн нь мэдээж.

 

Гэвч хэн ч дуугарсангүйд багш улам уурсаж: 

-Та нар хэлсэн хойноо гэртээ хариарай! Би ч харихгүй! гээд суучих нь тэр. Хэчнээн суусан юм, бүү мэд, манайхан эхлээд сүрхий чимээгүй сууж байснаа сүүлдээ тэвчээр нь барагдсан бололтой, шивнэлдэж, тэгснээ дүнгэнэлдэж гарлаа. Зарим нь ч намайг гар, хэргээ хүлээ гэж байна аа. Би ч бослоо. 

-Багш аа, би тэгж хэлсэн юм аа... Тэгтэл тэндээс данхар Батаа босоод ирэв. 

-Үгүй ээ, багш аа, би хэлсэн юм аа... 

Чингэсээр хэдүүлээ болсон юм бүү мэд, лав л тэр орой каток дээр гулгаж байсан бид хэд тав, зургуулаа босчээ. 

Багш биднийг үлдээж, бусдыг нь тараацгаав. Тэгээд үглэж гарлаа. Үнэхээр ноцтой том алдаа гаргасан гэнэ. Социалист үзэл сурталд харш асар том хэрэг тарьсан гэнэ. Үнэн л дээ. Бид хэдийг Захирлын зөвлөлийн хурлаар оруулна гэнэ. Бүгдийнх нь аав ээжийг дуудна гэнэ. 

Тэгж тэгж, хэзээ хурал болоход бүгд байна шүү гээд биднийг сая тараацгаав. 

Хэд хоногийн дараа захирлын зөвлөлийн хурал боллоо. Олон багш нар сууж байгаа нь сүрдмээр ажээ. Мэдээж, бас бидний аав ээж нар ч сууж байгаа. Галя багш нэхэл хатуутай ажээ. Урьдын адил уурсан бухимдсаар л байлаа.

 

Захирлаас элээд олон багш, эцэг эх ээлжлэн үг хэлж биднийг ёстой бут авцгаав. Үг хэлэх ээлж нь ирэхэд тэрээр үгийнхээ эхэнд В.Маяковскийн шүлгээс уншив:

Я бы Русский выучил, за то, что  только им разговаривал  великий Ленин...

Энэ шүлгийг Галя багш бидэнд өөрөө зааж цээжлүүлсэн юм. Монголоор бол:

Зөвхөн их Лениний ярьдаг  хэл болохоор нь л  Би орос хэлийг  сурах л байсаан... 

-Дэлхий дахин, хүн төрөлхтөн орос хэлийг ингэж л үзэж, орос хэлийг сурахыг хүсч байдаг. Агуу их Ленин багш ярьдаг байсан хэл учраас хүн төрөлхтөн энэ хэлийг сурахыг хүсдэг юм. Тийм ээ, үүний цаана ямар их утга учир оршиж байгааг та бид маш сайн ойлгох ёстой. Энэ бол та биднийг Коммунизмд хөтлөх түлхүүр мөн. Энэ бол та бидний коммунист ёс суртахууны үлгэр жишээ хүмүүжлийн хэмжүүр мөн. 

 

Тэгэхэд эд нар, та бидний сурагчид, та бидний хүүхдүүд  энэ агуу их хэлийг, агуу их Лениний хэлийг хичээл биш гэж яаж хэлж, яаж тэгж бодож, сэтгэж чадаж байна аа? Би ёстой итгэхгүй байна. Үнэмшихгүй байна. Социализм, коммунизмд харш ийм үзэгдлийг хэрхэвч зүгээр өнгөрөөж болохгүй.

 

Бидний дунд, бидний сурган хүмүүжүүлж буй хүүхэд багачуудын дунд ийм үг яриатай хүүхдүүд байна. Энэ бол зөвхөн үг яриа төдий зүйл биш. Энэ бол бидний дунд, манай нийгэмд байгаа хар толбо, бузар буглаа мөн. Энэ бол эдний сурлага, хүмүүжил ямар байгааг харуулж байгаа хэрэг мөн. Тийм ээ, энэ бол нөгөө талаар бидний ажлыг дүгнэсэн хэрэг мөн. Бид ингэж л ажиллаж байна...

 

Өөр зөндөө юм ярьсаан. Биднийг ёстой бут авч, биднийг төдийгүй эцэг эхчүүл, багш нарыг ч бут авсан юм. Хэн ч юу ч хэлж чадаагүй. Захирал ч Галя багшийг дэмжиж бас л бут авсан. Түүнээс цаашихыг нь ёстой мэдэхгүй юм. Зарим аав ээж нар ч ажлынхаа шугамаар хариуцлага хүлээсэн байх. Лав л өнөөх орлогч сайд ажлаа өгсөн гэдэг...

 

Харин түүнээс хойш данхар Батаа маань огт өөр хүн болсон юм даа. Тэр байтугай сургуулийн урлагийн үзлэгт идэвхтэй оролцож дуулж зогссон гэж байгаа. Ямар дуу гээч:

 

Хорвоо ертөнцийн өнгө тодрох гайхамшиг

 

Хотлыг гийгүүлсэн нарны ач аа хөө.

 

Хоймор залахад хийморь болж 

 

Айл гэр тэтгэх Ленин багш минь

 

Хосгүй эрдэнийн суут их нар аа хөө. 

 

Заяа тавилангийн цоож хаалганд түлхүүр хийж 

 

Зарцын нүдийг нээсэн юм аа хөө.

 

Заасан ном нь хууль л болж

 

Заавал мөнхрөх Ленин багш минь

 

Замбуу тивийн найдвар юм аа хөө өө өө хөө...

 

Дунд сургуулиа төгсч, Их сургуулийн оюутан боллоо. 1978 онд оюутнууд бид зуны ажлаар Дундговийн Сүм хөх бүрдэд очиж амралтын газрын уурын зуух барьцгаав. Хорь ч хүрээгүй бидний байшин барина гэж юу байхав, хөдөө эрүүл агаар, нар салхинд гарч, нэг сар тааваараа жаргацгаалаа. Яриад байвал дуусах юм биш. 

Нэг өдөр орос цэргийн бүхээгтэй машин үзэгдэв. Сураг сонсох нь ээ, оргосон цэргээ хайж яваа ажээ. Бидэнтэй ч уулзлаа. Хэд гурван үг сольж саатацгаав. Бид ч ах нартай сүрхий ойр дотно хүн болцгоох гэж агентаас хоёр шил байвантай архи авчирч дайллаа. Гэвч тэд алба гүйцэтгэж яваа болоод тэр үү, нэг их ууцгаасангүй. Харин бид хэд тойруулж балгацгаасаар халж эхэлжээ. 

 

Монголчууд согтохоороо бүгд орос хэлтэй болчихдог хойно. Бүгд л бие биенээсээ өрсөлдөн хазгай муруй шулганалдаж гарлаа. Нэг маань ээдрээтсэн хэлээр хальт мөлт хэлж байнаа: 

 

-Монголия-Россия Найрамдал-Дружба! Ура!

Бид ч сэрүүлгийг нь тааруулсан баадуутай цаг шиг ам нийлүүлэн ура хашгирцгаав. Ийм үгс цээжний уншлага болчихсон тийм л цаг үе байсан юм чинь. Орос цэргүүд ч бас ура хашгирцгаан биднийг дэмжицгээнэ. Нэлээн сууцгаалаа. Юу юу ч ярьсан юм, бүү мэд. Гэтэл нэг маань бас чанга дуугаар тультраатан хэлж байна:

 

-Ленин наш Бох!

Бид ч даган хэлцгээв:

-Да, да. Ленин наш Бог!...

Гэтэл нэг орос цэрэг хэлж байнаа:

-Нет, нет. Ленин не Бог. Он тоже человек! (Үгүй, үгүй. Ленин бурхан биш. Тэр бас л хүн!)

-Нет, нет. Он наш Бог!... Алив, Галаа, чи хэлээд өг дөө. Манай гэрийн хоймрын авдар дээрх бурхан шүтээний оронд одоо Ленин багшийн зураг залаастай байдаг болсон гэж хэлээд өг дөө...

 

Манайхан “Энэ орос юу гэчихэв ээ? Ленин багшийг бурхантай зүйрлэж байхад үгүй, биш гээд байх юм. Харин ч нэг эсэргүү амьтан байна уу, энэ чинь!” гэх шиг үүлгэртсэн харцаар жигшингүй харж суулаа. Тийм л цаг үе байсан даа.

 

Тэр орос цэрэг ч “Энэ монголчууд ёстой мухар сүсэгтэй харанхуй бүдүүлэг ард түмэн юм аа” гэж хачирхан гайхаж байсан биз ээ. Үнэндээ тэр үед монголчууд шашингүйн үзлээр хүмүүжээд бурхан шашингүй ард түмэн болчихсон байсан, зүгээр л сайн хүнийг бурханчлан дээдэлж, шүтэж биширдэг зангаараа л согтуудаа тэгж ярьсан хэрэг шүү дээ. Түүнээс, ямар бурхны жинхэнэ үнэнч шавь нар гэгддэг түвд үндэстэн биш дээ...   

 

За, ингээд өндөрлөе. Энэ бол миний дурсамж романы нэг хэсэг юм аа. Бага насныхаа тухай “Сансарын хүүхдүүд”, залуу, идэр насны он жилүүдийнхээ тухай “Гүүр” хэмээх хоёр роман бичсэн. Гэхдээ хэвлүүлээгүй байгаа. Хэрэв уншигч танд сонирхолтой бол өөр олон зүйлийн тухай дараа дахин хүүрнэсү. 

 

          Дурсамж хөтөлсөн Я.Ганбаатар