Манай улсад коронавирусийн Омикрон хувилбарын дэд хэв шинжүүд шинээр бүртгэгдсэн тухай Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс мэдээлсэн. 

Тухайлбал, BF.1, BQ.1.2 дэд хэв шинжүүд манай улсад бүртгэгдсэн. Эдгээрээр халдварлах үед илрэх шинж тэмдэг, эмчилгээний талаар ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр "Омикроны дэд хэв шинжүүдийн хувьд эмнэлзүйн хэлбэр, хүндрэл, шинж тэмдэг, нас баралтад илэрхий өөрчлөлт ажиглагдаагүйг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага(ДЭМБ)-аас мэдээлсэн.

Шинээр илэрсэн дэд хэв шинжүүдээр үүсгэгдсэн өвчлөлийн үед ядарч сульдах, хоолой өвдөх, сөөнгөтөх, нус гоожих, ханиалгах шинж тэмдэг илэрч байна. Энэ нь өмнөх хувилбаруудтай ижил байгаа юм. Иймд өмнөх оношилгооны арга, эмнэлзүйд хэрэглэж байсан эмчилгээг хэвээр үргэлжлүүлэхийг ДЭМБ зөвлөсөн. 

Өвчлөлийн тоог нэмэхгүй байх, хүндрэлээс сэргийлэхийн тулд хүн хоорондын зайгаа барих, амны хаалтаа зүүх, гараа сайтар угаах, ариутгах зөвлөмжүүдийг дагаж мөрдөх шаардлагатай" гэлээ. 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 325 хүн коронавирусийн халдварын улмаас хэвтэн эмчлүүлж буй бөгөөд эрчимт эмчилгээний тасагт зургаан хүн маш хүнд ангилалд, 45 хүн хүнд ангилалтайгаар эмчлүүлж буйг ХӨСҮТ-ийн дэд захирал Ц.Чинбаяр мөн хэллээ.