Эмээгийн тэтгэвэр буужээ. Учир нь орой ажлаасаа тараад очтол хөргөгч овоо дүүрчихсэн харагдав. Max, сүү, хүнсний ногоо гээд дуусч байсныг сарын орлогогүй би гадарлаж суусан ч хий дэмий сэтгэлээ чилээхээс цаашгүй байлаа.

Өдөр болсон  явдлыг тоочдог заншлаараа эмээ надад тайлан тавив. Тэтгэвэр нэмэгдээд хэрэг алга. Улс даяар дуулиан тарааж байж их сайндаа 20 мянган төгрөгөөр л нэмэгдсэн. Гэтэл бараа бүтээдэхүүний үнэ өдөр ирэх тусам л өсөөд байх юм.

     “Талх чихэр” компанийн жижиг савлагаатай хөх тарианы талх "Оргил" худалдааны төвөөс авлаа. Үнэ нь 100 төгрөгөөр нэмэгдээд 850 төгрөг болсон байна. Хонины хаа авсан чинь 30 мянган төгрөг боллоо. Жил өнжсөн төмс кг нь 3000 төгрөгөөс буухгүй юм. Хүнсний бүтээгдэхүүний үнэ өдөр ирэх тусам л нэмэгдээд тэтгэврийн хэдэн төгрөг хүрэлцэхээ байлаа. Дэлгэр зуны цаг ирчихээд байхад сүү, тарагны үнэ ч буурсангүй" гэж гомдоллов. XIX хорооллын үйлчилгээний төвд байрлах "Хүүхдийн сүү" гэсэн тодотголтой газраас эмээ тэтгэвэрээ буухаар тараг, сүү авдаг заншилтай.

     Хүүхдийн сүүний мухлагт литр сүү 1600, тараг 1400 төгрөгөөр зардаг. Харин “Сүү” компанийн сүүг хэр барагтай дийлж авахгүй байгаагаа учирлалаа. Тус үйлдвэрийн хайрцагтай сүү хоёр жилийн өмнө 1600 төгрөг байсан бол одоо 2500 болчихоод байгаа. Иймээс арай хямдыг бодож литрийн сүү худалдаж авч буй нь энэ. Эмээ тооцооны дэвтрээ дэлгэж байгаад л сарын хэрэглээгээ нарийн тооцно. Сарын 200 мянган төгрөгийн тэтгэвэртэй хүн орлого, зарлагаа сайн тооцохгүй бол болохгүй гэнэ.

     Өвчин намдаах эмнээс эхлээд даралт, зүрх, үе мөчний эм байнга хэрэглэдэг болохоор тэтгэврийнхээ хэдэн төгрөгийн ихэнхийг эмийн санд "тушаачихна". Уг нь эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй эм авах ёстой ч уудаг эмнүүд нь даатгалд хамрагдах эмийн жагсаалтад багтдаггүй болохоор чамгүй өндөр үнээр худалдаж авдгаа үргэлж шахам л ярина. Анзаараад байхад сүүлийн үед элсэн чихэр огт худалдаж авахаа больсон байлаа. Учрыг нь лавлабал, "Элсэн чихрийг хэрэглээнээс хасч байгаа. Үнэ нь их нэмэгдсэн байна билээ. Би дийлж авч чадахаа больсон. Бас сүүний хэрэглээгээ ч хязгаарлаж байгаа.

     Нас нэмэх тусам цагаан идээ, тэр дундаа сүү, тараг хэрэглэх гээд байх юм. Даанч үнэ нь дэндүү өндөр болохоор тэр бүр худалдаж авч дийлэхгүй байна. Хааяа бор цай ууж байхаас. Хэрэв байрны мөнгө төлдөг байсан бол бүр ч хэцүүдэх шинжтэй шүү. Хүүхэд цалингаасаа байрны мөнгө төлдөг тулдаа л болгож байна. Энэ зун нутаг явах санаатай хэд гурван төгрөг илүүчилж далд хийе гэсэн чадахгүй нь бололтой. Хэрэглээнээсээ илүү гарахгүй юм. Жил ирэх тусам бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд амьдрах арга алга. Тэглээ гээд яах вэ, тэтгэврийн хэдэн төгрөгөө хүргэх гэж зүдэрч байна" гэлээ.

     Энэ мэт хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний жагсаалт ганц хоёроор хасагдсаар байна. Эмээгийн тэтгэврийн хэдэн төгрөг сарын хэрэглээнд арай гэж хүрдэг болов. Илүүчилж эд хогшил авна гэж санахын ч хэрэггүй. Цадахгүй өлсөхгүй зэрэгтэй байж бүсээ чангалахаас өөр гарцгүй. Зарим өдөр оройн хоолоо хэмнэж ходоодоо агшаахад хүргэв. Махаа ахиухан хэмжээгээр худалдаж авч чадахаа байсан болохоор хөлдөөгчөө түр амраахаас өөр аргагүй боллоо. Хөлдөөгч байтугай хөргөгчөө бүрэн дүүргэж чадахгүй байгаа шүү дээ. Цаг сайхан байхад эмээгийн хөргөгч юм юмтай л байдаг байлаа.

     Эмээ айлын ганц охин болохоор дутагдаж гачигдаж өсөөгүй гээд л аль амттай бүхнээр хөргөгчөө дүүргэдэгсэн. Харин одоо зарим орой мацаг барьж тэтгэвэрийнхээ мөнгөний талаар нь шахам авсан хэдхэн кг махаа гамнахад хүрээд байна. Ийн эгэл жирийн айлын эдийн засгийн хүрд өнөөдөр эргэхтэй үгүйтэй болжээ.