Монгол улсын хот байгуулалтын хүрээнд хүн амын нутагшилт, суурьшил болон хот төлөвлөлтийн дагуу хот орчмын бүсэд мал аж ахуйг эрчимжсэн хэлбэрээр хөгжүүлж хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд төр, аж ахуй нэгж, байгууллага, иргэний хооронд үүсэх харилцааг зохицуулах зорилгоор нийслэлийн Засаг дарга “Хөтөлбөр, журам батлах тухай” А/451 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх журам гаргалаа.

Тус журмыг Монгол улсын үндсэн хууль, Хот байгуулалтын тухай хууль, Газрын тухай хууль, Монгол Улсын Их  хурлын тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, Төрөөс  мал аж ахуй эрхлэх талаар баримтлах бодлого, Монгол мал  хөтөлбөр болон эдгээртэй нийцүүлэн гаргасан байна.

“Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх журам”-ыг товч танилцуулахад:

Журамд тусгасны дагуу нийслэлд бэлчээрийн мал аж ахуй, хагас бэлчээрийн мал аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй, хагас эрчимжсэн аж ахуй гэсэн хэлбэрээр хөгжүүлэхээр төлөвлөжээ. Багануур, Багахангай, Налайх  дүүргийн зарим хэсэг болон таталцлалын бүсэд бэлчээрийн, хагас бэлчээрийн, хагас эрчимжсэн мал аж ахуйг эрхлэн явуулна. Харин нийслэлд дараахь зөвшөөрөгдсөн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг үйлдвэржсэн хэлбэрээр эрхлэн явуулах юм.

-Багануур, Багахангай, Налайх дүүргийн зарим хэсэг, Сонгинохайрхан  дүүргийн Жаргалант, Хан-Уул дүүргийн 12,13,14, Баянзүрх дүүргийн Улиастай орчмын нутгийг эрчимжсэн мал аж ахуй фермерийн аж ахуйн  бүс нутаг болгон хөгжүүлэх

-Сонгинохайрхан дүүргийн 21,32, Хан-Уул дүүргийн 12,13, Баянзүрх дүүргийн 11, 20, Налайх дүүргийн 3, 5 хороо, Багануур дүүрэгт  Сүү, махны үхрийн эрчимжсэн аж ахуй эрхлэх үхрийн цогцолбор аж ахуйг шинээр байгуулах;

-Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны 361-ын гарам, Хан-Уул дүүргийн 13-р хорооны Туул тосгон, Багануур, Налайх дүүргийн зарим хэсгийн  бүс нутагт тахиа, гахайны цогцолбор аж ахуй эрхлэх;

-Багануур, Налайх дүүрэгт мах-ноосны чиглэлийн хонины эрчимжсэн аж  ахуйг өргөтгөх, мах сүүний эрчимжсэн аж ахуйг шинээр байгуулах;

Зөвшөөрөгдсөн бүс нутагт Эрчимжсэн мал аж ахуйг цогцолбор хэлбэрээр  үйлдвэржүүлэн хөгжүүлэхийн тулд  дараахь  шалгуурыг хангасан байна.

-Мах, сүүний фермийн аж ахуй нь бод малд шилжүүлснээр 50-с доошгүй  толгой малтай /хээлтэгч/ байх

-Гахайн аж ахуйн ферм нь  80-с  доошгүй мэгжтэй байх

-Шувууны аж ахуйн ферм нь  25000-с доошгүй  өндөглөгчтэй байх

Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүс:

Энэ бүсэд хотын төвийн Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт бүхэлдээ, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Гачуурт, Хонхор, Жаргалант, Эмээлт, Туул тосгон, Өлзийт хорооноос бусад бүх хорооны нутаг дэвсгэр, Богд уул хамрагдана. Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хилийг хавсралт зургаар нарийвчлан зааж өгнө.

Мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрөх бүс:

Энэ бүсэд Налайх, Багануур Багахангай дүүрэг Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12,13, 14 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 11, 20 дугаар хороодын нутаг дэвсгэр хамрагдана гэж тогтоожээ. Дээрх журмын хэрэгжилтэд нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ хяналта тавин ажиллана гэж Нийслэлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.