Амгалан ДЦС-д арванхоёрдугаар сарын 5-ны 23:00 цагт гэмтэл гарч, Баянзүрх дүүргийн 25, 26, 36, 43 дугаар хорооны орон сууцны айл өрхийн хэрэглээний халуун ус тасарсан талаар бид мэдээлж байв.

Гэвч зарим айл өрхийн хэрэглээний халуун ус өнөөдөр өглөө ирээгүй гэсэн мэдээллийг манай редакцад ирүүлсэн юм.

Энэ талаар холбогдох албаныхнаас тодруулахад Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Төгсбаяр "Амгалан ДЦС-ын гэмтлийг арванхоёрдугаар сарын 6-ны 23:00 цагт засаж дууссан. Айл өрхийн халуун ус одоо хэвийн байгаа.

Халаалт өнгөрсөн жилээс муу байгааг 14, 25, 26, 36,42,43 дугаар хорооны иргэд удаа дараа хэлж байна. Эл асуудлыг Эрчим хүчний зохицуулах хороо, Амгалан ДЦС болон холбогдох газруудад уламжлах болно" хэмээв.

Эрчим хүчний яам “Амгалан ДЦС-ын гуравдугаар зуухны экран цоорсон байсныг өчигдөр шөнө бүрэн засварлаж дууссан.

Халуун усыг бүрэн хөргөсний дараа засах шаардлагатай байдаг. Эргээд айл өрх рүү халуун ус шахахдаа тогоотой усаа гүйцэд халаадаг учраас цаг их зарцуулдаг.

Энэ бол технологийн асуудал. Удахгүй тус хорооны айл өрхийн халуун ус хэвийн болно” гэсэн тайлбар өгөв.