Улс орныг батлан хамгаалах үйл ажиллагаанд шинжлэх ухаан, технологи, инновацын үр дүнг нэвтрүүлэх, түүний хөгжлийг дэмжих, эрдэм шинжилгээний ажилтнуудын идэвх, санаачилгыг өрнүүлэх, оюуны чадавх, мэдлэгийг арвижуулах, шилдэг бүтээлүүдийг сурталчлах зорилгоор Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын нэрэмжит “Шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл” шалгаруулах уралдааныг зарлаж байна.

Шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээлийг дараах 9 төрлөөр шалгаруулна:

– аюулгүй байдал, батлан хамгаалах судлал;
– цэргийн ухаан;
– цэргийн түүх судлал;
– цэргийн зэвсэглэл;
– цэргийн техник;
– цэргийн инновацын дэвшил;
– цэргийн технологийн дэвшил;
– 35 хүртэлх насны залуу судлаачийн бүтээл;
– шинэ бүтээл, оновчтой санал.

Эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгаа, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнд бий болсон, улс орноо батлан хамгаалах эрх ашиг, цэргийн шинэчлэлд дорвитой хувь нэмэр оруулсан аюулгүй байдал, батлан хамгаалахын болон цэргийн шинжлэх ухааны онол, урлаг, арга зүйн ном, нэг сэдэвт бүтээл (монограф) болон инновац, технологийн дэвшлийг тусгасан, зэвсэглэл, техникийн зохион бүтээгдсэн ажил, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд зориулан гаргасан бүтээлийг шалгаруулалтад оруулна.

Шалгаруулалтад ирүүлэх бүтээлд Батлан хамгаалахын сайдын 2022 оны А/270 дугаар тушаалаар батлагдсан “Батлан хамгаалахын сайдын нэрэмжит шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл шалгаруулах журам”-ын 2 дугаар зүйлд заасан шаардлага тавигдана.

Шалгаруулалтад нэр дэвшүүлж буй бүтээл нь тавигдах шаардлага, журамд заасан зохих бүрдүүлэлтийг хангасан байх ба түүнийг бүрдүүлсэн материал, баримт бичгийн хамт зохиогч эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Батлан хамгаалах яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 9.00 цагаас мөн сарын 25-ны өдрийн 18.00 цагийн дотор хүлээн авч, яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл шалгаруулна.

Шалгарсан бүтээлийн төрөл тус бүрд “Шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл”-ийн өргөмжлөл, мөнгөн урамшуулал олгоно. Шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээлийн шагналыг “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-өөр гардуулна.

Холбоо барих утас: 51-263202

Цахим шуудангийн хаяг: [email protected]

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ЗӨВЛӨЛ