Авлигатай Тэмцэх Газрын дэд дарга Б.Азжаргал нүүрсний хулгайн асуудлаар хийгдэж буй шалгалтын ажлын талаар өнөөдөр дараах мэдээллийг өгөв.

Одоогоор "Эрдэнэс Тавантолгой", "Тавантолгой төмөр зам" компаниудын эрх бүхий албан тушаалтнууд тендер сонгон шалгаруулах, нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, олон улсын ачаа тээврийн "С" зөвшөөрөл олгох, нүүрс тээврийн төмөр замын барилгын ажил гүйцэтгэхдээ бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын долоо хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж. 

АТГ-ын дэд дарга Б.Азжаргал "Мөрдөн байцаалтын долоон хэрэгт 47 объектод нэгжлэг хийсэн, 15 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 10 хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авснаас өнөөдрийн байдлаар зургаан хүнийг үргэлжлүүлэн хорьж байна.

Нийт 30 хүнийг яллагдагчаар татсанаас

  • долоон албан тушаалтныг хахууль авах гэмт хэрэгт
  • 16 хүнийг хахууль өгөх гэмт хэрэгт
  • таван албан тушаалтныг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт
  • хоёр хүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж ажиллаж байна. 

Нийт албан тушаалтан 5.4 тэрбум төгрөгийн хахууль авсан болох нь одоогоор тогтоогдоод байна" гэлээ.

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2018-2022 оны арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл давхардсан тоогоор нүүрс борлуулалтын 633 гэрээ байгуулжээ. Худалдан авах ажиллагааны талаар дурдсан хугацаанд 20 сая болон түүнээс дээш үнийн дүн бүхий 576 ширхэг бараа, ажил үйлчилгээ худалдан авах тендер зарлаж, гэрээ байгуулсан байна. 

Нүүрс тээвэрлэлтийн талаар Тавантолгой нүүрсний уурхайгаас болон Цагаанхад суурьшлын бүсээс БНХАУ-ын Ганцмод боомт хүртэл өнөөдрийн байдлаар 398 хуулийн этгээд болон олон улсын ачаа тээвэрлэх зөвшөөрлийн дагуу тээвэр хийсэн гэрээ, компани, түүний үүсгэн байгуулагч, захирлуудын мэдээллийг прокурорын байгууллага зөвшөөрсний дагуу АТГ-аас Засгийн газрын хэвлэлийн алба болон АТГ-ын сайтад байршуулах гэж байгааг тэрбээр мөн мэдээлэв.