Хүний эрх, хүүхдийн эрх, жагсагчдын эрх гэж ярьдаг атлаа өөрсдийн эрхийн талаар нэг их дуугардаггүй. Багш, эмч нарын цалин бага, амьдрал нь хэцүү байна гэж бичдэг атлаа өөрсдийн цалингийн талаар юу ч гомдолдоггүй хүмүүс бол сэтгүүлчид. Гэсэн атлаа бодит байдал дээр тэд долоо хоногийн долоон өдөр есөн цаг ажиллачхаад нэг сая ч хүрдэггүй цалин авдаг.

Одоогоос дөрөв орчим жилийн өмнөх сэтгүүлчдийн ажлын ачаалал, цалингийн хэмжээ төдийлөн нэмэгдээгүй байна. Тодруулбал, энэ талаар Хэвлэлийн хүрээлэнгээс Хэвлэл мэдээллийн салбарын хөдөлмөрийн нөхцөл байдал, жендэрийн тэгш байдлын талаарх судалгааг энэ онд хийжээ. Судалгаанд хамрагсдын 32 хувь нь эрэгтэй, 68 хувь нь эмэгтэй байна.

 

БАГА ЦАЛИН СЭТГҮҮЛЧДИЙН АЖЛАА СОЛИХ ШАЛТГААНЫГ ТЭРГҮҮЛЖЭЭ

 

Санал асуулгын судалгаа хийхдээ  өдөр тутмын долоон сонин, 15 сайт, хоёр радио бүхий хэвлэл мэдээллийн 60 байгууллагын 300 төлөөллийг оролцуулжээ. Үүний 12 хувь нь удирдах түвшний ажилтан, үлдсэн нь сэтгүүлчид байна. Хамгийн эхэнд сэтгүүлчдийн цалинг авч үзвэл судалгаанд хамрагдсан 300 хүний долоон хувь нь 500 мянга хүртэл, 40 орчим хувь нь 500-800 мянган төгрөгийн цалин авч байна.

 

Харин 36 хувь нь 800.000-1.200.000 мянган төгрөг, 10 хувь нь 1.2 саяас дээш төгрөгийн цалин авдаг байна.  Ийн сэтгүүлчдийн дундаж цалин  2019 онд 664 мянга байсан бол гурван жилийн дараа 800 мянга болж 20 хувиар өсчээ. Гэхдээ орон нутагт 800 мянгаас дээш цалинтай сэтгүүлч байсангүй.

 

Мөн 1.2 саяас дээш цалин авч байгаа цөөн хувийн ихэнх нь эрэгтэйчүүд байгаа нь  цалинд жендэр нөлөөлж байгаагийн илрэл гэдгийг Хэвлэлийн хүрээлэнгийн Судалгааны албаны дарга, доктор З.Энхбаяр онцолсон юм. Тэрбээр “Бид сэтгүүлчид ямар шалтгаанаар ажлаа сольдог талаар судалсан. Ингэхэд 24 хувь нь ажлын хөлс бага гэсэн шалтгаанаар ажлаа сольжээ. Үлдсэн хувь нь ажиллах орчин таалагдаагүй, бүтэц өөрчлөгдсөн, ирээдүйгүй гэсэн хариултыг өгсөн байна.

 

Тухайлбал, судалгаанд хамрагдсан  хэвлэл мэдээллийн 300 ажилтны 27 хувь нь нэг удаа, 30 хувь нь 2-3 удаа ажлаа сольсон байна. Харин шинээр ажилд орсон залуус огт сольж байгаагүй гэж хариулсан. Энэ бүхнийг нэгтгэвэл сэтгүүлчдийн 61 хувь нь ажлын байраа ямар нэгэн байдлаар сольсон байна” гэж ярилаа.

 

Энэ судалгааны үр дүнгээс харвал телевиз, сайтын салбарынхан ажлаа солих нь түгээмэл байдаг аж. Ийн хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын насны хувьд 40 гаруй хувийг 26-35 насныхан, 21 хувийг 18-25 насныхан эзэлж байна. Үүнээс харахад цалин бага энэ салбарт залуучууд их ажиллаж байгаа юм.

 

СОНИН,  ТЕЛЕВИЗИЙН СЭТГҮҮЛЧИД ӨДӨРТ ЕСӨН ЦАГ АЖИЛЛАДАГ

 

Бага цалин хөлсний дараа орох сэтгүүлчдэд түгээмэл тулгардаг асуудлын нэг нь ажлын хэт их ачаалал юм. Хөдөлмөрийн тухай хуулиараа өдөрт найман цаг, долоо хоногт 40 орчим цаг ажиллах ёстой. Гэвч сэтгүүлчдийн ажиллах дундаж цаг нь 8.9 цаг буюу бараг есөн цаг байна. Өмнө нь 2019 онд хийсэн судалгаагаар дундаж цаг 9.1 гэж гарч байсан билээ. Салбараар нь ангилан харвал телевизийнхэн 9.4 цаг, сонины сэтгүүлч 9.1 цаг, сайтын сэтгүүлч 8.6 цаг ажиллаж байна.  Харин радио 8.1 буюу Хөдөлмөрийн хуулиа дагаж мөрдөж байгаа салбар нь радио байгаа юм. Судалгаанд оролцогчдын 64 хувь нь ажлын таван өдөр, 29 хувь нь зургаан өдөр, долоон хувь нь амралтгүйгээр долоон өдөр ажилладаг байна. Телевиз болон сонин, сайтын сэтгүүлчид 6-7 өдөр ажиллах нь элбэг. Харин радиогийн сэтгүүлчид ажлын таван өдөр ажилладаг байна.

 

Тодруулбал, телевиз болон сонин, сайтын сэтгүүлчид долоо хоногт  54-63 цаг ажиллаж байгаа нь хуулинд заасан цагаас хэтэрчээ. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын зургадугаар бүлэг 84 дүгээр зүйлд 84.1. Долоо хоногийн ердийн ажлын цаг 40-өөс илүүгүй байна, 84.2.Ердийн ажлын өдрийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна, 84.4.Долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаар нь 56 цагаас илүүгүй байна гэсэн заалт байдаг.

 

Шинэ хуулийг сурталчилдаг, дагаж мөрдөж байгаа эсэхэд нь хяналт тавьдаг хэвлэл мэдээллийн байгууллагынхан ажлын хэт их ачааллаас болж Хөдөлмөрийн тухай хуулиа дагаж мөрдөхгүй байгааг дээрх судалгаанд дурджээ.

 

ХЭВЛЭЛИЙН БҮХ САЛБАРТ ЭРЭГТЭЙ ЭХ СУРВАЛЖ ДАВАМГАЙЛЖ БАЙНА

 

Хэвлэлийн хүрээлэнгээс сэтгүүлчдийн хөдөлмөрийн нөхцөл байдал, жендэрийн тэгш байдлын түвшинг хамтад нь судалжээ. Ингэхэд хэвлэлийн бүх салбарт эрэгтэй эх сурвалж эмэгтэйчүүдээс хэд дахин их байна. Эх сурвалжуудыг салбараар нь ангилан харвал улс төр, эдийн засгийн мэдээллийг түгээхдээ сэтгүүлчид ихэнхдээ эрэгтэй эх сурвалжийг онцолж байгааг тус судалгаанд дурджээ.

 

Санал асуулгын дараагаар тус хүрээлэнгийн судлаачид 10 хэвлэл мэдээллийн хэрэгслийг сонгон жендэрийн мэдрэмжтэй ажиллаж чадаж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийсэн байна. Гурван сонин, гурван телевиз, хоёр радио, хоёр сайтыг сонгон энэ оны хоёрдугаар сарын 22-ноос 28-ны хооронд долоо хоногийн хугацаанд нийтлэл, нэвтрүүлэг дээр нь контент анализын судалгаа хийжээ.

 

Ингэхэд судалгаанд хамрагдсан гурван сонины /Өдрийн сонин, Үндэсний шуудан, Өглөөний сонин/ эх сурвалжийн 61 хувь нь эрэгтэй байна. Тодруулбал, эдгээр сонины улс төр, хууль тогтоох явц, Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийн эх сурвалжийн 90 хувь нь, гэмт хэрэг, хүчирхийллийн мэдээний эх сурвалжийн 93 хувь нь эрэгтэй байжээ. Харин радиогийн 45 хувь, телевизийн 65 хувь, сайтын 50 хувь нь эрэгтэй эх сурвалж байна. Үүнээс харахад хэвлэл мэдээллийн бүх салбар, бичлэгийн бүх төрөлд эрэгтэй эх сурвалж давамгайлж байгаа юм.

 

Тухайлбал, телевизийн улс төр, хууль тогтоох явц, Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой нэвтрүүлэг, мэдээний эх сурвалжийн 82 хувь нь эрэгтэй, эдийн засаг, бизнесийн мэдээний  80 хувь эрэгтэй эх сурвалж байна. Мэдээллийн сайтын ихэнх эх сурвалж эрэгтэй боловч гэмт хэрэг, хүчирхийллийн сэдэвтэй мэдээнд эмэгтэй эх сурвалжийг ашиглажээ. 

 

Эмэгтэйчүүд нийт ажиллагсдын ихэнх хувийг эзэлдэг ч хэвлэл мэдээллийн салбарын эх сурвалжид эрэгтэй давамгайлж байгаа нь сэтгүүлчдийн жендэрийн талаарх мэдлэг, ойлголтыг улам нэмэгдүүлэх шаардлагатайг илтгэж байгаа юм. Тус судалгаагаар оролцогчдын 63 хувь нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг нь мэддэг гэж хариулжээ. Гэсэн хэдий ч бодит байдал дээр хэвлэл мэдээллийн салбарын жендэрийн мэдрэмж тийм ч сайн биш байгааг дээрх судалгааны үр дүн харуулжээ. Судалгаанд оролцогчдын 82 хувь нь байгууллага нь дотоод журмаас гадна өдөр тутамдаа мөрдөх редакцийн дүрэмтэй гэж хариулсан ч дөрвөн хүн тутмын нэг нь энэ дүрэм хэрэгждэггүй хэмээн хариулсан байна. Мөн энэ журамдаа жендэрийн мэдрэмжтэй байдлыг хангах тусгай заалт байдаг уу гэхэд 35 хувь нь л “байдаг” гэж хариулжээ. 

 

Харин “Зууны мэдээ” сонины хувьд Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлсэн “Мэдрэмжтэй мэдээлье” хөтөлбөрийн менторшип шатанд шалгарч, нийтлэлийн бодлогоо шинэчлэн эх сурвалжийнхаа харьцааг 50:50 болгохоор зорьж буй. Бид Их Британийн “BBC” агентлагийн Тэгш байдлын 50:50 хөтөлбөрийн албан ёсны түнш болсон Монголын анхны сонин болсон билээ. Энэ хүрээнд өдөр бүр сониныхоо эх сурвалжийг бүртгэж, эх сурвалжийнхаа хүйсийг харьцааг тэнцвэржүүлэхээр хичээн ажиллаж байгаа юм. Мөн жендэрийн мэдрэмжтэй нийтлэлүүдийг тогтмол хүргэх “Хэвшмэл ойлголтоо өөрчилье”, бүх салбарт манлайлж байгаа эмэгтэйчүүдийн онцлох “Эмэгтэйчүүдийн манлайлал” гэсэн шинэ булан хөтлөн ажиллаж байна.

 

 

Б.Должинжав

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин